“Бэлтэст мөрөн” ХХК-нд холбогдох хэргийн шалгалтын явцын талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
Залилах гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц. Отгонням: Хөвсгөл аймгийн "Бэлтэс мөрөн" ХХК-тай холбоотой асуудал Чингэлтэй дүүргийн прокурорын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. "Бэлтэс мөрөн" компани нь иргэдтэй хамтран ажиллах санхүүгийн туслалцаа үзүүлэх зорилготойгоор гэрээ байгуулж, мөнгө авч тухайн иргэний мөнгийг нэг сарын дотор 30 хувийн хүүтэй буцаан өгдөг үйл ажиллагааг Хөвсгөл аймагт явуулж байсан.
Тус үйл ажиллагаа нь Монгол улсад хүлээн зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл байхгүй. Санхүүгийн хорооноос хууль бус үйл ажиллагаа гэсэн бичигтэй хориглосон заалттай байхад үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 15 мянга иргэн тухайн компанид мөнгө өгч, 12 мянга иргэн тодорхой хугацаатай хүү болон ногдол ашиг авч, 3 мянга иргэн мөнгөө буцааж авч чадаагүй гэсэн тоон мэдээ гарсан байна. Аудит болон эдийн засгийн шинжилгээгээр уг тоог илүү нарийвчилж гаргана. Уг хэрэгтэй холбоотой тухайн компани захирал, захиралтай хамаарал бүхий Г, П, У, Н, Б гэх таван иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татаж, Монгол улсын хилээр гаргахыг таслан зогсоох арга хэмжээ авсан байгаа ” гэв.