"Хүүхдэд ээлтэй Монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, УИХ-ын гишүүн, УИХ дахь “Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг”-ийн ахлагч Б.Баярсайханы санаачилгаар “Хүүхдэд ээлтэй Монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган өнөөдөр Төрийн Ордонд зохион байгуулагдаж, бүх салбар, яам, агентлаг, 21 аймаг, нийслэл, хүүхдийн хөгжил хамгааллын иргэний нийгмийн байгууллагууд, хүүхдүүдийн төлөөлөл оролцож, салбар бүр хүүхдийн өмнө хүлээх үүргээ хариуцлагатайгаар ухамсарлаж ажиллахаа амлан, тодорхой уриалгуудыг дэвшүүллээ.
Чуулганд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Соёлын дэд сайд М.Батбаяр “Хүүхэд хамгаалалд- соёлын салбарын оролцоо, манлайлал” сэдвээр салбарын хэмжээнд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, чуулганыг угтаж зохион байгуулсан ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл танилцуулав.
Дэд сайд М.Батбаяр илтгэлдээ хүүхдийн эрхийг хангах чиглэлээр соёлын салбар дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
- Хүүхдийн соёлын орчныг нэмэгдүүлнэ.
- Соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
- Хүүхэд өөрөө соёл урлагийн үйлчилгээний хүртэгч, хүүхэд өөрөө соёл урлагийн үйлчилгээг бүтээгч бөгөөд “Тэгш оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг” гэсэн зарчмыг баримтлан хүүхэд хамгаалалын асуудалд бодлогоо чиглүүлнэ.
- Үндэсний өв соёл шингэсэн цахим контентуудыг бүтээхэд бодлогоор дэмжинэ. Хүүхэд, өсвөр үеийнхэнд үндэсний соёлын дархлааг олгосноор бусдын соёлын хүчтэй нөлөөллөөс хамгаална гэж үзэж байна.
Соёлын салбар соёл олон нийтийн арга хэмжээн дэх хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хуулиар хүлээсэн үүргийн зэрэгцээ "Нэгдүгээрт хүүхэд" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж дараах уриалгыг дэвшүүлж ажиллахаа чуулганы индэр дээрээс зарлалаа.
1. Хөшиг нээгдэх бүрд - Нэг мэссэж. Соёл урлагийн үзвэр үйлчилгээ бүрийн эхэнд Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүргийг сануулсан уриалга хүргэж хэвшинэ.
2. Хүүхэд хөгжлийн хувь-ийг бий болгоно. Соёл урлагийн үзвэр үйлчилгээний худалдаалагдсан тасалбарын 1%-ийг хүүхдийн хөгжил, хамгаалалд зарцуулна. Соёлын салбар санаачилсан амлалт уриалгаа энэ оны 6 дугаар сарын 1-ний өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэхээ мэдэгдлээ.
Монголчууд бид "Өгье гэвэл ганцаасаа" гэсэн ардын сайхан үгтэй ард түмэн. Тухайн байгууллага "Хүүхэд хөгжлийн хувь"-аа өөрийн байгууллагын хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгааллын тодорхой үр дүнд хүрэхүйц ажил, арга хэмжээнд зарцуулах ба тайлан, хэрэгжилтийг жил бүрийн 10 дугаар сарын 25-нд Соёлын яаманд ирүүлснээр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд үр дүнг танилцуулдаг байна.