“Улаанбаатар марафон-2022” олон улсын уралдаанд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин дайчид амжилттай оролцлоо. Эмэгтэйчүүдийн 42.195 километрийн бүтэн марафонд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, ахлагч Б.Мөнхзаяа 6 дахь удаагаа тэргүүлж, дэд байрт ахлагч Г.Хишигсайхан, эрэгтэйчүүдээс Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, ахлах ахлагч Ц.Бямбажав тэрхүү төрөлд дөрөвдүгээр байрт шалгарсан байна.
Харин хагас марафоны 21.97 километрийн зайд ахлагч Г.Одхүү хоёрдугаар байрт, эмэгтэйчүүдээс ахлагч Ч.Шинэцэцэг гуравдугаар байрт шалгарсан бол энэ амжилтын буухиа 10 километрийн зайд ч мөн үргэлжлэв. Эрэгтэйчүүдээс Б.Мягмарсүрэн, эмэгтэйчүүдээс З.Ганхишиг нар 10 километр зайд тэргүүлж, 35-аас дээш насны 21.97 километрийн хагас марафонд ахлах ахлагч А.Бахыт манлайлснаар “Алдар” спорт хорооны тамирчид олонх төрөлд шалгарлаа.
“Улаанбаатар марафон”-д 6 дахь удаагаа түрүүлсэн ахлагч Б.Мөнхзаяагийн сэтгэгдлийг хуваалцахад "Энэхүү олон улсын хэмжээний марафонд би зургаа дахь удаагаа түрүүлж байна. Гүйлтийн спорт жил ирэх тусам хөгжиж, марафонд оролцогчдын тоо нэмэгдэж, зохион байгуулалт ч сайжирсаар байгааг онцолъё. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс хүйтэн, бороотой, салхитай тамирчин хүний шандас, тэсвэр хатуужлыг шалгасан уур амьсгалтай байлаа. Гэвч зорьсондоо хүрсэндээ баяртай байна. Хөнгөн атлетик, гүйлтийн спортоор хичээллэх сонирхолтой хүмүүстээ хандаж хэлэхэд шууд гүйлтээр хичээллэж, амжилт гаргана гэх биш алхалтаас эхлээрэй. Идэвхтэй алхалтаас гүйлтэд шилжихэд илүү хялбар байх болов уу. Спорт танд илүү сайхныг мэдрүүлнэ" гэсэн юм.
Ташрамд дурдахад Зэвсэгт хүчний 327 дугаар анги нь Монгол Улсын урдаа барьдаг цөөнгүй марафонч тамирчидтай бөгөөд тив дэлхийд үзүүлсэн амжилт нь ч их юм.
АДМИН








Нийгэм






