Өнөөдөр буюу 5-р сарын 31 бол 35 дахь дэлхийн тамхигүй өдөр. Хятадын ерөнхий боловсролын бага, дунд сургуулиуд энэ өдөрт зориулан тамхи татахгүй байхыг ухуулсан олон арга хэмжээ зохион байгуулж, сурагчдад тамхины хор нөлөөг ойлгуулж, эрүүл зуршлыг уриалдаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1987 онд болсон “Тамхи болон эрүүл мэнд” олон улсын 6 дахь хурлаар жил болгоны 4-р сарын 7-ны өдрийг Дэлхийн тамхигүй өдөр хэмээн зарлаж, 1988 оноос эхэлж хэрэгжүүлсэн. Харин 1989 оноос эхлэн залуучуудад сэрэмжлүүлэг болгох зорилгоор ДЭМБ-с Дэлхийн тамхигүй өдрийг хүүхдийн баярын өмнөх өдөр буюу 5-р сарын 31 болгон өөрчилжээ.
2014 онд Хятадын Боловсролын яам бүх шатны, бүх төрлийн сургуулиудад тамхи татахыг хориглохыг шаардаж, насанд хүрээгүй хүүхдүүдийн сурч боловсрох таатай орчин бүрдүүлэхийн тулд тамхи татахыг хориглох урт хугацааны тогтолцоог бий болгох тухай мэдэгдэл гаргажээ. 2020 онд Хятадын Боловсролын яам Үндэсний эрүүл мэндийн комисстой хамтран “Сургуулийг тамхигүй байлгах ажлын мэдэгдэл” гаргажээ.
Хятад улс мөн 2021 оны 6-р сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн нэмэлт өөрчлөлт оруулсан “Насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгаалах тухай хууль”-д ч сургуулийн ойр хавиар тамхи зарахгүй байх, хүүхэд багачууд олноор цугласан газар тамхилахгүй байх тогтоол гаргажээ.
Тамхины талаарх онцлох баримтууд:
-Тамхи хэрэглэгчдийнхээ талыг устгадаг
-Тамхи жил бүр 8 сая хүний аминд хүрдэг. Түүний 7 сая гаруй нь тамхины шууд хэрэглээнээс үүдсэн бол 1.2 сая хүн нь дам тамхидалтаас үүджээ.
-Дэлхий даяар 1.3 тэрбум хүн тамхи татдагаас 80 хувь нь бага дунд орлоготой.
-2020 оны байдлаар дэлхийн хүн амын 22.3 хувь нь, нийт эрэгтэйчүүдийн 36.7 хувь нь, эмэгтэйчүүдийн 7.8 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ.
-ДЭМБ-ын гишүүн орнууд 2003 онд тамхины хяналтын суурь конвенцыг баталсан бөгөөд одоогоор 182 орон нэгдэн орсон. Түүний нэг нь Монгол улс.