Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах” ажлын хүрээнд нууранд живсэн 28 машин, техникийг татан гаргах ажиллагааг эрсдэлгүй гүйцэтгэхээр төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна. Ажлын хэсгийн ээлжит хурал Батлан хамгаалах яамны “Сайдын зөвлөлийн хурлын танхим”-д боллоо.
Хөвсгөл нуурыг бохирдлоос хамгаалах зорилгоор нууранд живсэн машин, техникийн байршлыг эхний ээлжид илрүүлэх суурь судалгааг оновчтой хийж байж татан гаргах ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулна. Тиймээс энэ чиглэлийн нарийвчилсан судалгаа, төлөвлөгөөний ажлыг талууд хамтран боловсруулахаар ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар ярилцав.
Түүнчлэн Хөвсгөл нууранд живсэн 28 ширхэг машин, техникээс тав нь дотроо 40 орчим тонн шатахуунтай аж. Эдгээр шатахуунтай машин, техникийг татан гаргахад юуны түрүүнд тухайлсан багаж, хэрэгслээр шатахууныг соруулж, дараа нь татан гаргах процессын ажиллагааг явуулах нь зүйтэй гэдэг саналыг “Ниппон салвейж” компанийн төлөөлөгч хэлж байв. Ажлын хэсгийн энэ удаагийн элжит хурлаар судалгааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, дараа дараагийн шатны арга хэмжээ болон татан гаргах ажиллагаанд ашиглагдах тоног төхөөрөмжийг асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэв.
Уг ажлын хэсгийн хуралдаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Усны газрын дарга Ш.Мягмар, болон Онцгой байдлыг Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Япон Улсын “Ниппон салвейж” компанийн судалгааны ажлын төлөөлөгч болон бусад холбогдох яамдын төлөөлөл биечлэн оролцов. Мөн цахимаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан болон аймгийн БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Ханх сумын Засаг дарга Л.Даваабаяр, Хатгал тосгоны захирагч Т.Түшиг нарын холбогдох албаныхан уг ажлын хэсгийн хуралдаанд цахимаар оролцсон юм.