Хөвсгөл аймгийн удирдлагууд "Бэлтэс Мөрөн" ХХК-тай гэрээ байгуулж хохирсон иргэдтэй өнөөдөр /2022.06.02/ уулзлаа.
”Бэлтэс мөрөн” ХХК-тай гэрээ байгуулж хохирсон иргэдтэй хийсэн уулзалт 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10:30-16:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд боллоо.
Уулзалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Мөнгөнхуяг, аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Базар, аймгийн Татварын хэлтсийн захиргаа удирдлагын тасгийн дарга Н.Ичинхорлоо, хохирогчдын төлөөлөл 600 гаруй иргэд оролцов.
Энэхүү уулзалтаас дараах шийдвэрүүдийг гаргав.
1. Хохирогчдын төлөөллөөс цаашид өөрийн сайн дураар идэвх санаачилгатай ажиллах хүсэлтэй 11 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулагдав.
2. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, Татварын хэлтсийн дарга, Хөвсгөл аймаг дахь Монгол банкны салбарын захирал, аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газраас "Бэлтэс мөрөн" ХХК-д шалгалтаар ажилласан албан хаагчдыг тус компанитай ашиг сонирхлын зөрчилтэй эсэхэд хяналт шалгалт хийлгүүлэх хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт хүргүүллээ.
3. Энэхүү хэргийг шалгаж буй Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас тодорхой мэдээлэл авах хүсэлтийг хүргүүлэх,
4. Хохирогчдын нэгдэж байгуулсан зөвлөлийг ажиллах байр, зөвлөгөө өгөх хуульчдыг аймгийн ИТХ, ЗДТГ-аас хариуцаж зохион байгуулахаар шийдвэрлэв.
5. Сумдын Засаг дарга нарт “Бэлтэс мөрөн” ХХК-тай гэрээ байгуулж, мөнгөө авч чадаагүй иргэдийг төлөөлж, дээрх зөвлөлийн бүрэлдэхүүнд идэвхтэй ажиллах тус бүр 2 иргэний мэдээллийг ирүүлэх
6. Аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудаас "Бэлтэс мөрөн" ХХК-ний харилцах данснуудын мэдээллийг авах хүсэлт хүргүүлэх.
7. "Бэлтэс мөрөн" ХХК-ийн бусад холбоотой этгээдүүдийг нэн даруй хорьж саатуулах арга хэмжээг авахуулах
8. Энэхүү хэргийн Шүүх хурлыг Мөрөн суманд нээлттэй зохион байгуулах хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлахаар тус тус шийдвэрлэв.