Ажилч хичээнгүй Төв аймгийн Алтанбулаг сумын зон олон, үе үеийн удирдлагууд, төрийн албан хаагчдын хөдөлмөр, зүтгэлийг Монгол улсын Засгийн газраас өндрөөр үнэлж "Улсын тэргүүний сум"-аар шалгаруулсан. Тэргүүний сумаар шалгарсан гэрчилгээг өнөөдөр /2022.06.03/ УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар гардууллаа.
УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, сум, орон нутагтаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг нэмэгдүүлэн, иргэдийнхээ амьдралын чанарыг ахиулж, эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээ сайжруулсны үр дүнд ийнхүү Төв аймгийн 2 дахь улсын тэргүүний сумаар шалгарч байна.
Сумын нутаг дэвсгэрт олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн их бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжиж, сумын эдийн засгийн үндсэн салбар ХАА-н салбар эрчимтэй хөгжин "Хүнс үйлдвэрлэгч-Экспортлогч орон" болох бодлого зорилтыг хэрэгжүүлэх хөгжлийн гол түшиц нутаг болж байна.