УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.06.02/ хуралдаанаар С.Дондовыг ХЭҮК-ын гишүүнээр , Я.Цэлмэнг ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр томилох тухай УИХ-ын тогтоолыг баталсан билээ.
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар Хүний эрхийн Үндэсний Комисст 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажиллаж Улсын Их Хурлын тогтоолыг танилцуулснаар гишүүд үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хүний эрхийн асуудал шийдвэрлэгдэж дуусна гэж хэзээ ч байхгүй байнга шинэчлэгдэж байдаг. Өмнө нь Комиссын гишүүнийг дарга нэр дэвшүүлж томилдог байсан бол энэ удаад нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдож байгаагаараа онцлогтой. Дарга биш тухайн хүн өөрөө өөрийгөө энэ ажлыг хийж чадна гэсэн итгэл үнэмшил дээрээ тулгуурлаж нэрээ дэвшүүлж шат шатны сонгон шалгаруулалтад тэнцэж хамгийн өндөр оноог авсан. Тиймээс Комиссын баг бүрэлдэхүүн бие биенээ нөхөж, хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаж чадна гэж итгэж байна. Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал нь өргөн хүрээг хамардаг, анхаарал сонор сэрэмжээ сулруулж огт болохгүй. Комиссын зүгээс иргэд олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилж тэдний дэмжлэгийг авах хэрэгтэй. Цаашдаа хүний эрх, эрх чөлөөний байдлыг талаарх илтгэлд орсон асуудлын хүрээнд урьдчилан нээлттэй сонсгол хийж олон нийтийн анхаарлыг хандуулах зүйтэй байна гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Монгол Улс Азид анх удаа хүний эрхийн хамгаалагчийг эрх зүйн байдлыг хуульчилсан. Энэ нь Монголын ардчилалын нэг том дэвшил юм. Комиссын цаашдын үйл ажиллагааг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад УИХ-ын Хууль зүйн байнгын хороо анхаарч дэмжин ажилласаар ирсэн. Цар тахлын хүнд хэцүү үед хүний эрх зөрчигдөж байгаа олон асуудлыг Хүний эрхийн Үндэсний Комисс хөндөн, тус Комиссоос гаргасан дүгнэлт, зөвлөмжүүд төрийн бодлогод нөлөөлж ирснийг тэмдэглээд, шинээр томилогдсон гишүүдийг чин шударгаар хуулиа дээдлэн ажиллаж хүний эрхийг хамгаалах ариун үйлсэд амжилт гаргахыг хүслээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гишүүдийг томилсон тухай Улсын Их Хурлын тогтоолыг ХЭҮК-ын даргын үүргийг гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунанд гардуулан өгсөн юм.
Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөл, хүний эрхийн хорооны өмнө хүлээсэн үүргийн дагуу хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг хамгаалах механизмыг бий болгох зөвлөмж өгч байсан. Энэ зөвлөмжийг биелүүлснээрээ Монгол Улс олон улсын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Хүний эрх хамгаалагчийн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмыг улам бэхжүүлж, үр дүнтэй болгох, хүний эрх зөрчигдөхгүй байх, ялангуяа эрүү шүүлтээс ангид байх эрхийг батлагаажуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа ХЭҮК-ын даргын үүргийг гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан илэрхийлэв.
АДМИН








Нийгэм







