"Финансхолдинг" ХХК-ийн захирал Б.Энхцэцэг өнөөдөр /2022.06.07 / махны экспорт болон тухайн салбар дахь шударга бус, хууль бус асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвшөөрөлгүй үйлдвэрт бэлтгэсэн махыг эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд гаргадаг дээр нь дөрөөлж квот авдаг. Авсан квотоороо БНХАУ-ын иргэд болон миний махыг экспортод гаргаж өгдөг байсан. Тиймээс одоогийн үүссэн нөхцөл байдалд МХЕГ-ынхан махыг лацдаж байгаа ч үнэн зөвөөр шийдэгдэхгүй гэж хардаж байна.
Шадар сайдын ажлын алба Эмээлт дээр шалгалт хийж байна. Шударга ёсыг сэргээж байгаа төрийн түшээдэд итгэж байна. Махны салбарт бугшсан идээ бээрийг цэвэрлэхийг шаардаж байна. Тиймээс өнөөдрөөс суулт зарлаж байна” гэв.
Мөн түүнчлэн бизнес маань хэвийн явж байгаад 2019 оноос надад квот олдохоо больсон. Учир нь БНХАУ-ын олон иргэн махны бизнес рүү орж ирсэн. Квот гуйж яваагүй газар, уулзаагүй хүн байхгүй. ХХААХҮЯ хууль дээдлэх шударга ажиллах зарчмаа биелүүлээгүй. Иргэндээ биш БНХАУ-ын иргэдэд үйлчилсээр ирснийг саяхан нийгэмд өрнөсөн махны асуудал харуулсан. Эх оронч үзэл дээр тулгуурлаж аливаа улс орон хөгждөг байтал гаднынхныг гэж байгаад үнэхээр гомдолтой байна. Иргэнээ нэгдүгээрт тавьж, дараа нь гаднынханд үйлчлэхийг шаардаж байна гэлээ.