Эмээлтэд үйл ажиллагаагаа явуулдаг Эм Ди Си Пи махны үйлдвэртэй холбоотой гэх асуудлаар ХКҮ -д нэгжлэг, шалгалтыг Эрүүгийн цагдаагийн албанаас хийлээ. Энэ тухай
Эрүүгийн цагдаагийн албанаас: “Эмээлтэд үйл ажиллагаагаа явуулдаг нэр бүхий байгууллагуудад зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын хүрээнд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газар хэрэг бүртгэл нээсэн. Тухайн хэрэг бүртгэл дээр Улсын ерөнхий прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн газарт тогтоол хүргүүлсэн. Дээрх хэргийг Эрүүгийн цагдаагийн газар хүлээж авч, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалтыг прокурорын зөвшөөрлийн дагуу явуулсан. Нэгжлэг шалгалтын хүрээнд нянгийн бохирдол ихтэй махыг экспортод гаргаж, иргэдэд худалдаалсан эсэх болоод нянгийн бохирдолтой мах нь Эм Ди Си Пи махны үйлдвэрийнх үү, ХКҮ-ийн мах уу гэдгийг хяналт шалгалтаар тогтооно. Эм Ди Си Пи махны үйлдвэрээс ХКҮ-ийн шошготой их хэмжээний махыг мэргэжлийн хяналтын газраас илрүүлж лацадсан. Энэхүү асуудлууд дээр цагдаагийн байгууллага шалгаж ажиллаж байна. Нэр бүхий хоёр байгууллагын захирал, удирдах зөвлөлүүдээс мэдээлэл, тодруулгыг авахаар ажиллаж байна” гэх мэдээллийг өглөө.