Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Энэ тухайгаа тэрээр өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Тэрээр: "Нэг мэдсэн 6 жил салбараа тэргүүлж ажиллажээ. Энэ хугацаанд багагүй ажил амжуулсан байна.
Тоймтойгоос нь нэрлэвэл:
Бэлтгэлийн төв статустай байгууллага хүлээн аваад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгоод 2 жилийн өмнө Ерөнхий сайдын дэргэдэх Засгийн газрын тохируулагч агентлаг болголоо.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөө батлуулсан байна.
Шигшээ багийн тамирчин дасгалжуулагчдынхаа тоог бараг 2 дахин нэмэгдүүлж төрлийг тогтмол нэмэгдүүлэв. Цалинг нь бараг 3 дахин нэмэгдүүлсэн байна.
Спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийг байгуулж сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглов.
Шигшээ багийн бэлтгэлийн төвийг байгуулж алдагдсан байсан Техник спортын төвийг улсын мэдэлд эргүүлэн авав.
Токиогийн олимп, паралимпод хамгийн олон эрх авч тамирчдаа амжилттай оролцуулав.
Монгол улсын ерөнхий сайдын санаачилгаар "Илүүдэл жингүй эртэч Монгол" аяныг зохион байгуулж давхардсан тоогоор 1.800.000 хүнийг өглөө эртлэн босгож дасгал хөдөлгөөнд хамрууллаа.
Энэ бүх ажлыг амжуулахад үргэлж дэмжиж байсан үе үеийн гишүүд, сайд нартаа болон бүх хүмүүст баярлалаа. Үргэлж дэмжин хамтран ажиллаж байсан спортын холбоодынхондоо болон шигшээ багийн тамирчид дасгалжуулагчиддаа баярлалаа. Мөн байнга санаа нэгдэн хамтран ажилласан Агентлагийнхаа хамт олон болон аймаг нийслэл дүүргийн биеийн тамир спортын газар, хороодынхоо нийт албан хаагчиддаа чин сэтгэлээсээ баярлалаа.
Амьдралын минь хүч тэвчээр хичээл зүтгэл шаардсан сайхан 6 жил маань ард үлдлээ.
Холын оронд мөрөөдлийнхөө төлөө олон жил зүтгэж байгаа хүүдээ цаг зав гаргах, дэмжих мөн дуртай мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцах зорилгоор хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэгчээр ажлаа өгөхөөр боллоо. Авч чадсан бол өгч чаддаг байх хэрэгтэй гэж Баяр даргын хэлсэн үг санаанд орж байна. Дараагийнхаа даргад ажлын өндөр амжилт хүсье. Асуух зүйл гарвал үргэлж туслахад бэлэн байх болно. Монгол улс мандан бадрах болтугай" гэжээ.