Н. Түвшинбаярт холбогдох хэргийн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчүүд мэдүүлэг өгч байна
Тус шүүх хурал өнөөдөр өглөө 09:00 цагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Хуралдаан 13:00 цагт завсарлага авч 14:00 цагаас шүүхийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр буюу хуульд заасны дагуу шүүх хуралдаанд уг хэргийн гэрчүүдийг оролцуулж буй. Нэр бүхийн 10 гэрч оролцуулахаас нэг гэрч эрүүл мэндийн шалтгаанаар хуралдаанд оролцоогүй, үлдсэн 9 гэрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгч байна.
Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хөнөөж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.1.онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заажээ.