Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжилж өнөөдөр /2022.06.09/ хэргийг шийдвэрлэлээ.
Н. Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров: “ Шүүх гэм буруутайд тооцлоо. Түвшинбаярын зүгээс анхнаасаа маргаагүй, мэдүүлэг өгсөн үеэсээ эхлэн өөрийн буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. 19 жилийн ял оноох тухайд эсэргүүцсэн байр суурийг илэрхийлсэн. Шүүх хурлын хувьд ямар нэгэн будилаантай зүйл байхгүй. Угаас шүүх хуралдаан энэ зарчмаар явдаг. Хоёр талыг хангалттай сонслоо, талуудын хүсэлт тавьсан гэрчүүдийг биечлэн оролцууллаа. Шүүх хурлын мэтгэлцээний зарчим зарчмын дагуу боллоо. Үндэслэлүүдээ их тодорхой тайлбарласан. Шүүх бол Прокуророос шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийддэг. Энэ дээр гэрчээр оролцсон хүмүүс ийм тодорхой байдлаар нөлөөлөөд, ийм буруу зүйл хийгээд энэ хэрэгт нөлөөлсөн гэсэн дүгнэлт ирээгүй. Ирүүлсэн хэргийн хүрээний хэмжээнд шүүх шийдвэрээ гаргасан. Ямар нэгэн хариуцлага тооцох асуудал яригдаагүй. Нэхэмжлэл гэж ярих нь өөрөө өрөөсгөл. Н.Түвшинбаярын зүгээс цаашид насан туршдаа талийгаачийн үр хүүхэд, ар гэрт нь чадах чинээгээрээ тусална гэдгээ илэрхийлсэн. Гаргасан зардал 2,7 тэрбум төгрөгийн ихэнх хувь нь талийгаачийн эмнэлэг, эмчилгээний зардалд зарцуулсан үлдсэн тодорхой хувийг хохирогчид өөрийн гарсан хохирол зардалдаа хүлээн авсан. Үл хөдлөх хөрөнгийн тухайд өөр хүний нэр дээр байгаа. Гэхдээ хэзээ ч шилжүүлээд өгөх боломжтой” гэв.