Өчигдөр /2022.06.09/ Богдхан уулын Дугуй цагаан дахь гэрүүдийг буулгах үеэр үүссэн зөрчилдөөний талаар Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: "Байгалийн унаган төрхийг хадгална гэдэг бол газар ашиглаж байгаа хүний хамгийн нэгдүгээрт хүлээсэн үүрэг байдаг. Энэ үүргийн биелэлтэд хяналт тавих ёстой Байгаль орчны сайд нар ажлаа хийгээгүй. Одоо бид тэрний буруу энэний буруу гэж хойшоо харахгүйгээр одоо бид юу хийж чадах вэ гэдэг ажлыг хот хийж байна. Бид хамгийн түрүүнд байгаа боломжит газруудаа нийслэлчүүддээ зориулж хадгалж хамгаална, тохижуулна. Зөвхөн нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө, нийтийн эрх ашгийн төлөө ашиглуулна. Тэрнээс биш хэн танилтай, улс төртэй ойрхон хэн Байгаль орчны сайдыг таньдаг нь, хэн мөнгөө төлсөн нь тэр газрыг авч зардаг байшин, хаус, орон сууц бариад борлуулдаг, орлого олдог энэ явдлыг таслан зогсооно. Байгаль орчны сайд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүл, биелүүл. Нийслэлчүүдийн өмнөөс үүнийг шаардаж байна. Байгаль орчныг хамгаалах үүрэгтэй, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм горимд хяналт тавих үүрэгтэй энэ хүн өнөөдөр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хууль бусаар ашиглаж буй зөрчлийг таслан зогсооход нийслэлтэй хамтарч ажиллах ёстой болохоос биш хүний хувийн өмчийг би хамгаална гээд яриад сууж таарахгүй. Өмч гэдэг бол хуулийн дагуу шударгаар олж авдаг зүйл байдаг юм. Таны эд зүйлийг хулгайлчхаад миний өмч гэж болохгүй. Таны газар дээр барилга барьчхаад энэ миний хувийн өмч гээд байж болохгүй. Яг энэ нөхцөл байдал өнөөдөр дархан цаазтай, тусгай хамгаалалттай Богд хан уулын нөхцөл байдал болчхоод байна" гэлээ.
Нийгэм | 2022-06-10
Сэтгэгдэл бичих