Монгол цэрэг байгаа орчин нөхцөлдөө манлайлагч болон гялалздаг бичигдээгүй хууль бий. Хилийн чанадад энхийг сахиулагч монгол цэргүүд мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэл, дасан зохицох чадвар, богино хугацаанд шийдвэр гаргах байдлаараа хүлээн зөвшөөрөгдөн “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээн өргөмжлөгдөж, хүндлэгдсэн хэвээрээ байна. Монгол цэргүүд энхийг сахиулах үйлсдээ манлайлахаас гадна дэлхийн орны цэргийн их сургуульд суралцахдаа ч энэ нэр хүнд, залгамж халаагаа буухиалж, шинэ түүх бичсээр байна.
Үүний нэг тод жишээ, төлөөлөл нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ажиллагааны офицер, ахмад Ц.Сэргэлэнбаатар, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Э.Арвинбуян нар юм.
Тэдний бусад сонсогчоос ялгарах гол ялгаа нь гадаадын цэргийг тэр дундаа суралцаж байсан Япон, БНСУ-ынхаа цэргийн сургуулийн сонсогчдыг командлан удирдаж байсан нь. Гадаад оронд суралцаж байгаа ч цэрэгжилт, сурлага, сахилгаараа манлайлагч байж чадвал япон, солонгос цэргийн сонсогч нарыг эх нутагт нь удирдан чиглүүлэх нь нээлттэй байдгийг эдгээр залуус өөрөөрөө үлгэрлэн харуулсан юм.
Ахмад Ц.Сэргэлэнбаатарын хувьд 2010-2015 онд Япон улсын Үндэсний Батлан хамгаалах их сургуульд суралцаж төгссөн офицер. Японы ҮБХИС нь 2000 гаруй сонсогчтой, тасаг, салаа, рот, батальоны бүтэц, зохион байгуулалттай. Сургуулийн гол онцлог нь сонсогч байхаас нь хүнтэй ажиллах туршлага, дадлагыг олгож, ажлын байранд нь бэлэн хүлээлгэж өгөхөд бэлтгэж байхад оршдог байна. Энэ тогтолцоо нь Япон улс сонсогчдоо эртнээс даргалах, хүн удирдах ур чадварт суралцуулах, штабын болон төрөл бүрийн төлөвлөлт, зохион байгуулалтын ажилд гаршуулах, ирээдүйн шилдэг цэргийн дарга нарыг сонгож бэлтгэх, тэднийг хүлээн зөвшөөрүүлэхэд давуу талтай байдаг байна.
Энэ зарчмаар монгол сонсогч нарын буухиаг үргэлжүүлж ахмад Ц.Сэргэлэнбаатар 2 дугаар дамжаандаа салааны захирагчийн орлогч, 3 дугаар дамжаандаа ротын захирагчийн орлогч, 4 дүгээр дамжаандаа 120 орчим сонсогчийг хариуцсан ротын захирагчаар ажилласан залуу. Мэдээж салааны захирагч, ротын захирагчийн орлогч, ротын захирагч болоход цэргийн алба, сахилга, хариуцлага, сурлага хүмүүжил, удирдах ур чадвар, сургалт бэлтгэл, бие бялдрын бэлтгэлжилт гээд олон зүйлээрээ тэргүүлэгч, бусдад хүлээн зөвшөөрдөгдөж байж хаших алба. Тэрээр төгсөхдөө 4 жилийн сургалт бэлтгэлийн нийлбэр дүнгээр сургуулийн захирлын нэрэмжит "Цэргийн алба", "Цэргийн сургалт бэлтгэл, "Шилдэг гадаад оюутан", "Шилдэг тамирчин" зэрэг дөрвөн шагналыг хүртэж байжээ. Тодруулбал, оюутны сумод барилдаж, Бүх Японы аваргын алт, мөнгө, хүрэл, Зүүн Японы аваргын хошой мөнгө, хүрэл, Улсын сургуулиудын багийн тэмцээний хошой аварга, гуравдугаар байрын шагнал хүртэж, Монгол Улсынхаа нэрийг гаргаж явсан нэгэн юм.
Харин дараагийн онцлох алба хаагч бол дэслэгч Э.Арвинбуян. Залуухан дэслэгч Э.Арвинбуян нь 2017-2021 оны хүртэл БНСУ-ын Хуурай замын явган цэргийн академид “Ерөнхий цэрэг”, “Цэргийн англи” гэсэн хоёр мэргэжлээр суралцан төгссөн. Төгсөх төгсөхдөө алтан медальтай дүүргэж, БНСУ-ын БХЯ-ын сайдын нэрэмжит “Нэр төртэй сонсогч” шагналаар төгсөлтийнхөө ёслолоор 1200 гаруй сонсогчийн өмнө “Монголын залуу, Монголын цэрэг” хэмээн өргөмжлүүлэн шагнуулсан гавьяатай эр.
Дэслэгч суралцаж байхдаа цэрэгжлийн спортын тэмцээнд олон удаа амжилт үзүүлэн тэргүүлж, сургуулийнхаа хамгийн анхны “Гадаад тугчин цэрэг”-ээр сонгогдож, тугчны үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн гээд бахдам түүхийг ур чадвар, хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө мөнхөлж чадсан офицер санжээ. Өдгөө тэд хоёулаа орон нутаг дахь Зэвсэгт хүчний ангиудад албаа нэр төртэй хааж байгаа билээ. Тэдэн шиг гаднын орны цэргийн сургуульд суралцахдаа шилдэг нь байж, алтан медальтай төгссөн олон ч залуус бий. Зөвхөн нэгэн төлөөлөл нь л тэд юм.
Эндээс нэг дүгнэлт хийхэд, гаднын орнууд тэр дундаа Япон, БНСУ-ын цэргийн их сургуулиуд нь сонсогчдоо ур чадвар, тэргүүлэгч байдал, сурлага, сахилгаар нь дүгнэж, гадаад гэж ялгахгүй өөрийн орны сонсогчдоо удирдуулж байгаа нь бусдыг хүлээн зөвшөөрөх, үнэлж итгэх чадвар гэлтэй. Хэрэв манай ҮБХИС-ийн сонсогч нарын цэргийн ёслолын жагсаалыг гадаад цэрэг удирдаад алхаж байвал магад олон нийт хэрхэн хүлээж авах бол. Бодох л асуудал.
Зэвсэгт хүчинд энэ мэтчилэн чадвар, хичээл зүтгэлтэй олон мянган офицер, ахлагч цэргийн тангараг дор ажиллаж амьдарч байна. Ингэж бодохоор л Зэвсэгт хүчний ирээдүй өнөөдрөөс ч илүү улам гэрэлтэй харагдах юм.
Ахлах дэслэгч Д.БОЛОР