Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд С. Энхболд: “Манай улсын насанд хүрэгчид болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд уналт таталтын эмийг хөнгөлөлтэй үнээр авдаг. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу манай улсад хэрэглэгдэж байгаа эмийг төрөөс даах шийдвэр гарлаа. Тогтоолыг баталгаажуулж энэ сардаа энэхүү чиглэлийн үүрэг даалгаврыг албажуулна. Ялангуяа тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг цогцоор шийдэх талаар үүрэг чиглэлүүдийг өгсөн. Эхний ээлжинд мэдрэлийн ёзоор тайрч, таталтыг багасгадаг хөнгөвчлөх мэс засал хийдэг байдлыг багасгахын тулд энэ намартаа багтаан Энэтхэг болон Турк улсын туршлагатай эмч нарыг авчирч энэ төрлийн мэс заслыг эх орондоо хийхээр ажиллаж байна. Тархины саажилттай хүүхдэд хэд хэдэн төрлийн хагалгааг хийдэг ба энэ нь чангарсан дээд, доод булчинг суллах, нөхөн сэргээх эмчилгээг хийвэл зарим хүүхдүүд нь алхаж, гишгэх боломжтой бүрддэг.
Ганцхан уналт таталтын эм хомс байгаа биш, бусад өргөн хэрэглэгддэг эмүүд хүртэл тээвэрлэлтийн асуудлаас болж цаг хугацаа шаардаж байна. Солонгост үйлдвэрлэдэг уналт таталтын эмийг оруулж ирнэ. Бусад нэр төрлийн эмнүүдэд нэг удаагийн лицензийг олгосон байгаа. Энэ сарын 29-нд Швейцараас зарим нэр төрлийн уналт таталтын эм орж ирэхээр болсон” гэв.