Баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж байна. Энэ үеэр News.mn болон Zarig.mn сайтад Соёлын сайд Ч.Номин дараах мэдээллийг өгөв.
Соёлын сайд Ч.Номин: “Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Шадар сайдаар ахлуулсан ажлыг хэсэг олон газруудаар явж хурал зохион байгуулж байна. Сүхбаатарын талбай дээр болох үйл ажиллагааны тал дээр хэрхэн яаж, зохион байгуулах талаас хурал зөвлөгөөний хийлээ. Энэ удаагийн баяр наадмын онцлог нь төрийн хүндэтгэлийн арга хэмжээг ард иргэддээ хүргэх үүднээс Сүхбаатарын талбай дээр хийхээр болсон.
Аливаа нэгэн хувь хүний сэтгэгдэл дээр тулгуурлан ташаа мэдээлэл битгий автаасай. Төсөв санхүүгийн тал дээр баяр наадмын үйл ажиллагаанд оролцоогүй уран бүтээлчид иймэрхүү яриа гаргасан байх. Ард иргэд маань тийм мэдээлэлд битгий автаасай. Уран бүтээлчид маань гэрээ контрактаа гаргаад түүний хүрээнд уран бүтээлийнхээ зардлыг аваад хэрэгжүүлээд явж байгаа.
Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой нийт төсөв 2,5 тэрбум төгрөг байдаг ч төсвийн тодотголоор 2,3 тэрбум болгож багасгасан. Тэгвэл Соёлын яамнаас төсвийг нэмэгдүүлэхээр нэмэлт төсвүүдийг тодорхойлж ажиллаж байна. Одоогоор гэрээ байгуулсан уран бүтээлчдийн 70 орчим хувь буюу 1 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байгаа” гэв.