Өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцсэн юм.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Байнгын хорооны хуралдааны дараа ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ойн босгон дээр Монгол төрөөс тус байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарт ажиллаж байгаа алба хаагчдын нийгмийн баталгаа олон жил орхигдсон байсан. Тус хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ажилтан албан хаагчдын нийгмийн баталгаа хангагдаж, итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл нэмэгдэж байна. Алслагдсан бүс нутагт 5-аас дээш жил алба хааж буй офицер, ахлагч нарт 30 хүртэлх сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал 2023.01.01-ээс эхлэн олгох боллоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамт олон бид талархалтай байна, баярлалаа гэв.