Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 46.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 717.7 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.0 (4.4%) мянгаар, өмнөх улирлаас 569 (1.2%)-өөр, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 35.7 (5.2%) мянгаар өссөн бол ажиллагчдын тоо өмнөх улирлаас 1.5 (0.2%) мянгаар буурчээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 1 дүгээр улирлын тайланд хамрагдсан 717.7 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1066.7 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх оны мөн үеэс 120.9 (12.8%) мянган төгрөгөөр өссөн бол өмнөх улирлаас 1.4 (0.1%) мянган төгрөгөөр буурчээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар 1450.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.2 (10.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 11.9 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар эрэгтэйчүүдийнх 1.6 сая, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн 108.2 (15.1%) мянга нь боловсролын салбарын, 98.9 (13.8%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын, 79.1 (11.0%) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын, 73.4 (10.2%) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарын, 46.7 (6.5%) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 45.8 (6.4%) мянга нь барилгын салбарын, 42.1 (5.9%) мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарын, 40.0 (5.6%) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын, 29.3 (4.1%) мянга нь cанхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын, 154.2 (21.4%) мянга нь бусад салбарын ажиллагчид байна.