Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, хөгжүүлэх, судлан сурталчлах, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, ард иргэдийн авьяас билгийг нээн хөгжүүлэх, орон нутгийн соёлын өвийн бүртгэл мэдээллийг баяжуулах зорилгоор Дорнод аймгийн Соёл урлагийн газар "Нүүдэлчин монгол" наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Наадмыг соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд зохион байгуулсан бөгөөд 300 орчим өвлөн уламжлагч оролцжээ. Тэд соёлын биет бус өвийн эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлаг, уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи, мал маллах арга ухаан, уламжлалт арга ухаан зэрэг төрөл зүйлийн хүрээнд зохион байгуулсан уралдаан тэмцээнд өрсөлдөж Цагаан-Овоо сумын өвлөн уламжлагчид тэргүүлсэн байна.
Мөн үзэсгэлэнгийн арга хэмжээнд 100 орчим өвлөн уламжлагчид үндэсний хувцас, эсгий урлал, арьс ширэн урлал, монгол зураг, монгол сийлбэр, уран хатгамал, оёдол нэхмэл, сүлжмэл, уламжлалт наамал, мал аж ахуйн тоног хэрэгсэл, монгол дархан, цагаан идээ бэлтгэх уламжлалт арга төрлүүдээр өөрсдийн хийсэн бүтээлээ дэлгэн үзүүлсэн байна. Уг наадмаас шилдгээр шалгарсан өвлөн уламжлагч багийнхан энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болох “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн их наадамд Дорнод нутгийн зон олноо төлөөлөн оролцох юм. Соёлын биет бус өвийн “Нүүдэлчин Монгол“ их наадмыг улсын хэмжээнд 7 ай савын 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд зохион байгуулна. Соёлын биет бус өвийн 7 ай сав-д:
1. Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд
2. Ардын язгуур урлаг
3. Уламжлалт баяр наадам, зан үйл,ёс, тоглоом наадгай, уриа дуудлага
4. Байгалийн болон сав шим,ертөнцийн тухай мэдлэг
5. Уламжлалт арга ухаан
6. Мал маллах арга ухаан
7. Уламжлалт гар урлал хамаардаг.