Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр нар ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл олгох асуудлаар Өмнөговь аймагт ажиллаж байна.
Өмнөговь аймаг ЖДҮ ЭРХЛЭГЧДЭЭ ДЭМЖИН орон нутгийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг өргөтгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уул уурхайн ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох зорилгоор орон нутгийн төсөвтөө 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тус хөрөнгөөр Өмнөговь аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжүүдэд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жилийн 3 хувийн хүүтэй, 5 хүртэлх жилийн хугацаатай зээл олгох юм.
Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат, ХХААГ-ийн дарга Ш.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.
Уулзалтын үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Юуны өмнө ЖДҮЭ-ээ дэмжин ажиллаж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. ЖДҮХС-аас зээл авсан Өмнөговь аймгийн зээлдэгчдийн үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар амжилттай явж байна. Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүдийг сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй явуулна” гэдгийг онцоллоо. Энэ дашрамд зургаадугаар сарын 24-27-ны өдөр “ДЭЛХИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ӨДӨР -2022” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Арга хэмжээний хүрээнд Төрийн худалдан авалтын уулзалт, Уул уурхайн байгууллагуудын ханган нийлүүлэлтийг ЖДҮ эрхлэгчдээр гүйцэтгүүлэх арга хэмжээг зохион байгуулна. Энэ арга хэмжээнд хамтарч ажиллах талаар хүсэлт тавьсан юм.
Аймгийн Засаг дарга Р.Сэддорж: “Орон нутгийн хөгжилд ЖДҮЭ-ийн оролцоо маш чухал. Тиймээс энэ тал дээр илүү анхаарч ажиллана. Зээл төсөл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах тал дээр анхаарч ажиллана. Энэ тал дээр та бүхний дэмжлэг хэрэгтэй байна. Манай аймаг 15 сумтай. Үүнээс 4 сум бие даасан. Үлдсэн 11 сумд үйлдвэр байгуулах хүсэл, мөрөөдөл байна. Одоогийн байдлаар аль сумд ямар үйлдвэр байгуулах нөөц, боломж байгаа талаар судалгаа, шинжилгээ хийж байна” гэсэн юм.