Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн Чичингийн-Өвөр, Хувтын дөрөлж гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн зүгт 275 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ 6 сарын 15-ны өдрийн 19:00-19:30 цагийн хооронд тус багийн нутгаар хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Чичингийн-Өвөр, Хувтын дөрөлж гэдэг газар 12 өрхийн 11 тугал, 19 хурга, нийт 30 төл мал хорогдож, 10 өрхийн байшингийн дээврийн хар цаас цоорч, 1 өрхийн 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 6 сарын 16-ны өдрийн 08:30 цагт хүлээн авсан. Чичин багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тухайн газарт 6 сарын 16-ны өдөр очиж нөхцөл байдалтай танилцаж, хорогдсон малын сэг, зэмийг устгах ажлыг хийсэн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Мөн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Овооны-Өвөр гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 35 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ 6 сарын 15-ны өдрийн 19:00-19:30 цагийн хооронд тус сумын нутгаар хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Тээл багийн Овооны-Өвөр гэдэг газар малчин Л-ийн 40 бог мал хорогдсон тухай мэдээллийг 6 сарын 16-ны 17:10 цагт хүлээн авсан. Малчин Л-ийн 5 хонь, 35 ямаа хорогдсон бөгөөд 6 сарын 17-ны өдөр тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газарт очиж, хорогдсон малын сэг, зэмийг устгах ажил хийнэ.