Нүүдэлчин Монголчуудын эртний гайхамшигт өв соёлын нэг нь дэвсэх тойрон бүжиг юм. Энэхүү бүжиг нь монгол түмний эв нэгдлийн бэлгэдэл бөгөөд язгуурын монголчуудын дунд эртнээс уламжлагдан ирсэн өв соёл билээ. “Дэвсэх саглагар мод”-ны бүжиг нь Чингис хааны байгуулсан Их монгол улсын үед төрт ёсны бүжгийн хэмжээнд хүртлээ баяжин хөгжиж “Их хэнгэрэгт дэвсэх тойрон бүжиг” болтлоо өрнөн бадарч байжээ. Төрт ёсны бүжиг хэмээсний учир нь “Монголын нууц товчоо”- ны 57-р зүйлд: “Хамаг Монгол, Тайчууд нар Хоталыг хаанд өргөмжлөөд Онон мөрний хөндийд Хорхунагийн саглагар модны дор Хавирга газрыг халцартал Өвдөг газрыг үлтэртэл Дэвхцэн бүжиглэж хуримлав” хэмээсэн байдаг.
Иймд бид өв соёл, үндэс язгуураа хайрлан хамгаалж үр балчиртаа өвлүүлэн үлдээхийн төлөө, үндэстний дархлаа, эв нэгдэл, аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хадгалан хамгаалахын төлөө ЯЗГУУРТ МОНГОЛ тойрон бүжгийн уралдаант өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар санаачлан ажиллаж байна.