Хөдөлмөр эрхлэлт, халамжийн дэмжлэг, туслалцаа, тэтгэвэр, тэтгэмж зэрэг төрөөс нийгэм рүү чиглэн гаргаж буй стратеги, бодлого төлөвлөлтийг тодорхойлж, хэрэгжилтийг зохицуулах үүрэгтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед хамгийн ачаалалтай, иргэн бүрд хүрч ажилласан яамдын нэг байлаа. Үйл ажиллагааны цар хүрээгээрээ олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн ХНХ-ын сайд А.Ариунзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: "Ердийн үед хүн амын 60-70 хувьд халамжийн бодлого хүрдэг. Гэхдээ халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн 60 хувь нь зорилтод бус бүлэгт очдог гэсэн судалгааг ҮСХ, Дэлхийн банк гаргасан байдаг. Манай Нийгмийн халамжийн санд 12 нэр төрлийн 72 үйлчилгээ багтаж байна. Эдгээр үйлчилгээг ангилж үзвэл тухайн иргэний амьжиргаанаас үл хамааруулж олгодог тэтгэвэр, тэтгэмж олон бий.
Жишээлбэл, яг өнөөдрийн нөхцөлд хүүхдийн мөнгийг тухайн айл өрхийн амьжиргаанаас үл хамааран, хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгож байна. Гэртээ хүүхдээ асарч байгаа ээж, аавуудын тэтгэмж, одонтой ээжийн мөнгө, ахмадуудад олгодог Насны хишиг гэх мэт тэтгэмжийг мөн л тухайн айл өрхийн амьжиргаанаас үл хамааран олгож байна.
Энэ бүхнээс харахад манай халамжийн бодлого үнэхээр зорилтот бүлэгтээ чиглэж чадаж байна уу гэдэг асуулт гарна. Хүн амын өсөлт, хөгжлийг дэмжсэн бодлогууд халамжийн бусад бодлоготой холилдож ирсэн учраас халамжийн үйлчилгээ үр дүн багатай байгаа юм. Тиймээс энэ хоёр бодлогыг салгах асуудлыг Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах асуудлыг онцгой анхаарч байна"гэв.