2009 онд их засварын ажил хийгдсэнээс хойш ээлжит болон засварын ажил хийгдээгүй Самбуугийн гудамжны авто замыг Нийслэлийн Замын хөгжлийн газар шинэчлэхээр 6 дугаар сарын 27-нд ажлаа эхлүүлсэн. Тус шинэчлэлтийн ажлыг:
• Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар
• Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэлх гэж 2 хэсэгт хуваан гүйцэтгэнэ.
Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэлх хэсгийн шинэчлэлтийн ажлын хүрээнд одоогоор тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын чулуун хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, зорчих хэсгийн тэгшилгээний үе болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах ажил хийгдэж байна. Харин зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажлыг долоодугаар сарын 1-ээс 6-ны өдрүүдийн хооронд хийхээр төлөвлөөд байна. Тодруулбал:
• 2022 оны 07 дугаар сарын 01-ний 00:00 цагаас 2022 оны 07 дугаар сарын 04-ний 05:00 цаг хүртэл Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзварын хойд хэсэг
• 2022 оны 07 дугаар сарын 04-ний 05:00 цагаас 2022 оны 07 дугаар сарын 06-ны 05:00 цаг хүртэл Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзварын урд хэсгийн хөдөлгөөнийг тус тус хязгаарлан суурь, өнгө асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэнэ.
Иймд иргэд жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.