"Монголын контемпорари Каллиграфчид"-ийн холбооны тэргүүн, уран бичээч Э.Мягмардоржийн "Хүн наран ба 9н их Хатад” нэрт дүрст уран бичлэгийн үзэсгэлэн 2022 оны 06 дугаар сарын 29-нд Соёлын яамны галерейд зохион байгуулагдлаа.
Тус үзэсгэлэнд Хүмүүн бичиг болон Хүн /Хүннү/ бичгийг хослуулан монголын 9-н их хатдын нэрсийг хатан дүрсэнд хувирган утга бэлгэдлээр уялдуулан бичжээ.
Үзэсгэлэнгээр их хатдын суу алдрыг дүрст уран бичлэгт мөнхөлж, үүгээр дамжуулан Монголчууд бид Тэнгэрлэг дээдсийн удам үргэлжлэл гэдгээ санаж хувь заяа нэр төрөө өргөж явахын зөвийг таниулан тайлбарлав.
Уран бичээч Э.Мягмардорж нь урлагаар дамжуулан Монгол уран бичлэгийн гайхамшгийг дэлхий нийтэд сурталчлан хөгжүүлэх нь уран бичээчийн зорилго бөгөөд Монгол бичигт бидний оюун санааны сэргэн мандалтын бас нэгэн нууц буй хэмээн өгүүлж нээлтэд оролцсон Соёлын яамны албан хаагчдад бүтээлүүдээ танилцуулан, сонирхсон асуултад хариулан, хүн бичгийг тайлбарлан бичиж үзүүллээ.