Тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар Улаанбаатар төмөр замын хойд цэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос урд цэг Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомт хүртэл 1111 км төмөр зам дагуу алсын зайн гүйлтийг хийж байна.
Тэрээр Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 101, Дотоодын цэрэг байгуулагдсаны 100, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 74, Энхийг сахиулах ажиллагааны 20 жилийн түүхт ойг тохиолдуулан цагдаагийн алба хаагчийг авхаалж самбаа тэсвэр хатуужлыг харуулан гүйж байна.
Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос гарсанаас хойш 20 дахь өдрөө 653 км замыг туулж Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрч байна. Үргэлжлүүлэн Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомт хүртэл 458 км зам үлдээд байна.