Архангай аймгийн Тариат сумын Алтай багийн “Наран” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн зүгт 100 км-т/ 7 сарын 2-ны өдрийн 13:30 цагийн орчим Тариат сумын Алтай багийн “Наран” гэдэг газраар 18-20 м/сек хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас 28 гэр нурсан тухай дуудлагыг 7 сарын 4-ний өдрийн 12:50 цагт хүлээн авсан.
Шуурганд малчин М-ын 5 ханатай 1 гэр, иргэн М-ын “Майхан толгой” амралтын газрын 27 гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг Тариат сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Алтай багийн Засаг даргын ажлын албанаас ажлын хэсэг 7 сарын 3-ны өдрийн 10:00 цагт тухайн газарт очиж нөхцөл байдалтай танилцсан.
Мөн Архангай аймгийн Цахир сумын Хан-Уул багийн “Цойруутын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ 7 сарын 3-ны өдрийн 13:00 цагийн орчим Цахир сумын Хан-Уул багийн “Цойруутын-Ам" гэдэг газраар 14-16 м/сек хүчтэй түр зуурын шороон шуурга шуурсны улмаас тухайн газарт нутаглаж байсан 2 өрхийн 3 гэр нурсан тухай мэдээллийг 7 сарын 4-ний өдрийн 09:40 цагт хүлээн авсан.
Шуурганд малчин М-ын 5 ханатай 1 гэр, малчин Х-ийн 5 ханатай 2 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээллийг Цахир сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 7 сарын 3-ны өдрийн 16:30 цагт тухайн газарт очиж нөхцөл байдалтай танилцсан байна.