2022 оны 4 сард Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал, аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид БНТУ-ын Бурса хотод албан айлчлал хийсэн. Дипломат айлчлалын хүрээнд Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал, Бурса хотын Османгази дүүргийн дарга Мустафа Дундар нар аялал жуулчлал, бүтээн байгуулалтын ажлууд дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байдаг.
Өчигдөр /2022.07.13/ БНТУ-ын Бурса хотын Османгази дүүргийн дарга Мустафа Дундар, дүүргийн орлогч Жем Күршад Хасаноолу нар харилцан айлчлал хийж, Архангай аймагт хүрэлцэн ирлээ.
Санамж бичигт тусгагдсанаар бүтээн байгуулалтын ажилд Османгази дүүргээс дэмжлэг үзүүлж, Цэцэрлэг хотод Билгэ хааны нэрэмжит гудамжийг цогцоор нь тохижуулж өгөхөөр боллоо.
24-ийн тойргоос Нарангийн тойрог хүртэлх авто замыг Билгэ хааны нэрэмжит гудамж болгохоор аймгийн удирдлагууд зочдын хамтаар хэлэлцэн тогтлоо.
Аймгийн 100 жилийн ойгоос өмнө энэхүү бүтээн байгуулалтын ажил хэрэгжихээр болж талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.