Үндэсний их баяр наадмын үеэр хурдан мориноос унаж бэртсэн унаач хүүхдүүдийн талаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хэвлэл мэдээлэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Мягмардоржоос тодрууллаа.
Тэрээр:
"Үндэсний баяр наадмаар хүй долоо худагт долдугаар сарын 10, 11, 12, 13-ний өдрүүдэд зохион байгуулагдсан хурдан морины уралдаанд үндсэн 6 насны морьд болон уяачдын наадамд сонгомол 3 нас буюу нийт 9 насны 2310 морьд уралдсан. Манай байгууллагын зүгээс уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах тал дээр хяналт тавьж ажилласан. Энэ хугацаанд нэг ч хүүхэд мориноос унаж эндээгүй. Харин 49 хүүхдийг Яаралтай түргэн тусламжийн машинаар очиж авсан. Эдгээр хүүхдүүдийн 30 нь мориноосоо өөрөө буусан бол 19 нь уралдааны үеэр унасан. Хурдан мориноос унасан хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч ажилласан” гэв.