Dark Light
Нийгэм | 2022-07-15

"Алдрын тасалгаа"-ны түүхэн баримтуудаас задлахуй

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын “Алдрын тасалгаа”-нд тухайн байгууллагын замнал түүх, гавьяа шагнал, гэрэл зургуудаас гадна нэн ховор түүхийн баримтууд хадгалагдаж байх нь олонтаа. Монгол цэргийн тэмцэл, ялалтын буурал түүхийг өөртөө агуулсан эд зүйлийн баримтуудаас энэ удаа Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хадгалагдах түүхэн уран зураг болон Зэвсэгт хүчний 336 дугаар ангид үнэтэй байр суурь эзлэх ширээ, сандлын талаар онцолъё.  

Түүх өгүүлэх уран зураг

 Таны  харж байгаа энэ түүхэн уран зураг Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Дэлэгнямын 1981 онд зурсан бүтээл. Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн “Алдрын тасалгаа”-ны үнэ цэнтэй эд өлгийн нэг. Зургийн агуулга нь Халхын голын байлдаанд онцгой гавьяа байгуулсан баатарлаг үйлсийг нь үнэлж, Монгол Улсын маршал Х.Чойбалсан, 8 дугаар морьт дивизийн захирагч, хурандаа Д.Нянтайсүрэн нар 1939 онд дивизийн байлдааны туганд Байлдааны гавьяаны Улаан тугийн одонг зүүж буйг өгүүлж байгаа тухай юм. 

 Тухайн үед нь түүхэн баримтуудаа уран зургаар баримтжуулан үлдээх нь түгээмэл байсан бөгөөд зураач Д.Дэлэгням агсны хувьд Зэвсэгт хүчний тусгай архивын гэрэл зургийн фронтын эрхлэгчээр ажиллахдаа энэ чиглэлээр бүтээсэн бийрийн олон зурагтай тухай түүхийн сурвалжид дурджээ. Тухайлбал, “Сүхбаатар Ленинд бараалхсан нь”, “Анхны штаб”, “Холбоочин Жанчив”, “Наводчик Самдангийн гавьяа” зэргийн цэргийн амьдрал, дайчин замналыг тусгасан 100 гаруй бүтээл туурвижээ. Түүний үнэтэй нэг бүтээл нь ийнхүү эх хувилбараараа Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн “Алдрын тасалгаа”-ны хойморт өлгөөтэй байна. 

Алаг морь Л. Дандар Баатрын хэрэглэж байсан ширээ, сандал 

 Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн “Алдрын тасалгаа” нь бусад нэгтгэл, ангиудтай харьцуулахад түүхэн эд өлгийн баримтууд ихтэй гэдгээрээ онцлогтой. Эд өлгийн баримтуудыг хадгалж хамгаалах, тордох, олон нийтийн хүртээл болгоход санаачилгатай ажилладаг энэ хамт олны “Хуурай замын цэрэг” сониноор дамжуулан танилцуулахыг хүссэн эхний бүтээл нь алаг морьт Л.Дандар баатрын хэрэглэж байсан ширээ, сандал. 1939 оны Халхын голын байлдаанд түүхэн ялалт байгуулсан БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандарыг 1970-1972 онд мотобуудлагын тусгай бригадын орлогчоор ажиллаж байхдаа энэхүү ширээ, сандлыг хэрэглэдэг байсан гэж үздэг байна. Энгийн мэт боловч онцлог, түүхэн ач холбогдлоороо ховор эд өлгийн баримт гэж үзэж, он цагийн хэлхээсээр баримтжуулан архивжуулахад Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан анхаарч байгаа юм байна. 

Ташрамд дурдахад, Л.Дандар баатартай ойр явсан эрхмүүдийн нэг нь Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч гуай юм. Тэр бээр дурсамждаа "1951 оны үед байх аа. Би жаахан банди ээжтэйгээ наадам үзэж явахад алаг морьт баатар Л.Дандар гэгч хүн өхөөрдөн үнсэж чихрээр шагнаж байсныг санадаг. Дараа нь олон жилийн хойно Офицеруудын ордонд утга зохиолын ажилтнаар ажиллаж байхдаа Л.Дандар баатартай хамт олон ч уулзалт, аялалд оролцсон. Тэр үедээ "Дайн гэдэг хүсэх юм биш, тулаад ирвэл зугтах юм биш" гэсэн алдарт үгийг нь тогтоож авсан” хэмээн өгүүлсэн байдаг юм.

Эх сурвалж: "Хуурай замын цэрэг" хавсралт сонин

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14