Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, дотоодын цэргийн байгууллагын 100 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан ёслолын арга хэмжээ сүр дуулиантайгаар Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.
100 жилийн түүхийн хуудсыг элээж буй цагдаа, дотоодын цэргийн анги, салбар нэгж, алба хаагчид тангараг өргөн тэнгэрт одсон хөвгүүдээ дурссангүй.
Өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглаж цэргийн албанд татагдсан ч энхийн цагт дүрмийн бус харилцаанаас үүдэн тэнгэрт дэвшсэн хөвгүүдийнхээ ар гэрт хүн ёсоор эмгэнэлийн зурвас ч атугай илгээх сэтгэл энэ салбарынханд байсангүй юу?
Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэн. Хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсноос
хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгдсэн.
Өнгөрсөн онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ.