ОХУ-д жил бүр зохион байгуулагддаг олон улсын “Цэргийн наадам -2022” тэмцээний "Армийн соёл, урлаг" төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчин анх удаа музейн үзэсгэлэнгийн төрлөөр оролцож байна. Энэ төрөлд 17 орны цэргийн музей өрсөлдөж байна.
Наадам зохион байгуулах хорооноос ирүүлсэн шалгуур үзүүлэлт, дүгнэх журмын дагуу Монгол цэргийн музей “13 дугаар зууны морьтон дайчид” сэдэвт үзэсгэлэнгээр өрсөлдөж байгаа билээ.
Монгол түмний аж байдал, соёл уламжлал, түүх соёл морьтой салшгүй холбоотой. Эрт үеийн эрэлхэг дайчид, эзэн Чингис хааны тулаанч баатруудаас улбаатай Монгол цэрэг эрсийн дайн тулаанд ялалт байгуулж ирсэн түүх, ардын хувьсгалын ялалт, Халх голын дайн, Чөлөөлөх дайны түүхэнд ч үргэлжилж Монгол цэрэг монгол морьтойгоо хамт байсан билээ.
Энэхүү үзэсгэлэнд цэрэг эрийн үнэнч нөхөр морины тухай өгүүлэх бөгөөд уламжлалт Монгол ахуй, монгол гэр, морины холбоотой эд өлгийн зүйлсийг дэлгэн харуулсан. Монгол гэр, эмээл хазаар, чөдөр, ногт, бугуйл, хусуур, богц зэрэг морины хэрэглэлүүд, монгол гэрийн авдар, явган ширээ, тулга, аяга, цар таваг зэргийг хуулбараар хийлгэж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохин байгуулж байна.
Эртний баатрын хувцас, нум сум, сэлэм бамбай сэлтээс гадна монгол ноён хатан, эрэгтэй, эмэгтэй хүний дээл, малгайг мөн хуулбар хийлгэн дэглэсэн нь гадаадын үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж, өмсөж зургаа татуулах үзэгч тасрахгүй байна. Монгол уламжлалт оньсон тоглоом, шагайн наадгайг тайлбарлан биеэр тоглож үзүүлэхийн зэрэгцээ угсардаг монгол гэр бариулах, тамганы дардас даруулж өгөх зэргээр сурталчилгааны ажлыг хийж байна.
Орчин үеийн виртуал үзүүллэг болох “VR box” -оор эртний Хархорум хот, хааны ордныг харуулж бодит орчинд зочлуулсанд үзэгчид туйлын сэтгэл хангалуун байна.
Ирсэн зочид үзэгчдийг идээ таваг бүхий ширээнд урьж монгол цай, төрөл бүрийн ундаа, боорцог, ааруулаар дайлж буй манай үзэсгэлэнгийн танхимаар олны хөл тасрахгүй, сониучирхсон хүмүүс, баярласан хүүхдийн дуунд өнжиж, хамт үзэсгэлэн гаргаж байгаа бусад орны мэргэжил нэгтнүүдтэйгээ өрсөлдөхөөс илүү нөхөрлөж, туршлага судалж, холбоо тогтоосон сайхан арга хэмжээ болж байна.
Мөн “Монгол Оросын уламжлалт харилцаа” сэдэвт нүүдлийн үзэсгэлэнгээ 08 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан “Монгол Улс сурталчлах өдөрлөг”-ийн үед дэлгэн, үзэгчдийн хүртээл болголоо. Музейн үзэсгэлэн дэлгэгдэж буй “Найрамдлын ордон”-д зохион байгуулсан “Монгол Улс сурталчлах өдөрлөг”-ийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг нээж үг хэлсэн. Өдөрлөгт оролцсон зочдод Монгол Улс, Зэвсэгт хүчний талаар мэдээлэл хийж, урлагийн тоглолт үзүүлж, хөгжөөнт тоглоом зохион байгуулж, үндэсний амттангаар зочдыг дайлах зэргээр богино хугацаанд үр дүнтэйгээр зохион байгуулжээ. Одоогийн байдлаар манай үзэсгэлэнд 6000 гаруй үзэгч, тэмцээнд оролцогчид зочлоод байна.
“Армийн соёл, урлаг” тэмцээн энэ сарын 23-ны өдөр дүгнэгдэж, 27-ны өдөр тэмцээний хаалтын арга хэмжээ зохион байгуулагдана.

АДМИН








Нийгэм




