Dark Light
Гадаад | 2026-11-19

ШИ ЖИНЬПИН Д.ТРАМПЫГ ОНГОЦНЫ БУУДАЛ ДЭЭР ӨӨРИЙН БИЕЭР УГТЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Reuters

Энэ нь олон арван жилийн уламжлалыг эвдсэн хэрэг юм. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Ши Жиньпиний баруун гар гэгддэг Цай Чи угтан авсан билээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Лхагва гарагт Шэньжэнь хотын нисэх онгоцны буудалд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг өөрийн биеэр угтан авснаар сүүлийн хэдэн арван жилийн турш гадаадын төрийн тэргүүнийг онгоцны буудал дээр тосож авсан Хятадын анхны дээд удирдагч боллоо.

“Air Force One” онгоц газардсаны дараа Д.Трамп улаан хивсэн дээр бууж ирэхэд БНХАУ-ын дарга түүнийг хүлээн зогсож байв. Хоёр удирдагч богино хугацаанд тэврэлдэн мэндчилээд, баяр хөөртэйгөөр уухайлах хүмүүсийн дэргэдүүр алхан автомашинууд руугаа явцгаажээ.

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтад оролцохоор Шэньжэньд хүрэлцэн ирсэн дэлхийн бусад удирдагчдын угталтаас энэ үйл явдал эрс ялгарч байв. Тодруулбал, Лхагва гарагийн үүрээр хүрэлцэн ирсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Ши Жиньпиний баруун гар гэгддэг Цай Чи угтан авсан бол өнгөрсөн тавдугаар сард Д.Трампыг Бээжинд айлчлахад Дэд дарга Хань Жэн тосож авч байсан юм. Харин Японы Ерөнхий сайд Санаэ Такаичиг ямар нэгэн өндөр албан тушаалын сайд бус, зөвхөн хүндэт харуул болон БНХАУ-ын Гадаад хэргийн яамны ёслолын газрын төлөөлөгч угтсан нь Бээжин, Токиогийн харилцаа хүйтэн хэвээр байгааг харууллаа.

“Сайхан сэтгэлийн хариуг барьдаг уламжлалтай”

Брукингсийн хүрээлэнгийн Жон Л.Торнтоны нэрэмжит Хятадын төвийн захирал Райан Хасс Д.Трампыг Ши Жиньпиний энэ хүндэтгэлд “илт баяртай байсан” хэмээн тэмдэглэжээ. Тэрээр “АНУ, Хятадын харилцаанд тогтоод буй эмзэг нам гүм байдлыг аль болох удаан хадгалах зорилготой Бээжингийн хувьд Ши Жиньпин энэ айлчлалын үеэр Трампад хүндэтгэл үзүүлэх бүхий л боломжийг ашиглаж байна. Энэ нь Трампыг Шэньжэньд ирэхээс өмнө дэгдсэн Жэнсэн Хуаны дуулианаас үүдэлтэй таагүй уур амьсгалыг зөөлрүүлж, эерэг өнгө аяс бүрдүүллээ” гэж AFP агентлагт ярьсан байна.

Ши Жиньпин ийнхүү халуун дотноор угтан авсан нь харилцан хүндэтгэлийн илэрхийлэл байв. Өнгөрсөн тавдугаар сард Ши Жиньпинийг АНУ-д төрийн айлчлал хийхэд Д.Трамп мөн нисэх буудал дээр өөрийн биеэр тосож авсан нь Ромын Папын айлчлалыг эс тооцвол сүүлийн хэдэн арван жилд Америкийн Ерөнхийлөгч гадаадын удирдагчийг онгоцны буудал дээр угтсан анхны тохиолдол болж байсан юм. Ши Жиньпин Лхагва гарагт Трампад хандан “Хятад бол сайхан сэтгэлийн хариуг заавал барьдаг уламжлалтай улс” хэмээн хэлснийг Синьхуа агентлаг уламжилжээ.

АПЕК-ийн уулзалтын хүрээнд Пүрэв гарагт Д.Трамп, Ши Жиньпин болон В.Путин нарын түүхэн гурван талт уулзалт болохоос гадна Д.Трамп, В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийхээр төлөвлөж байгааг АНУ-ын албаны хүн Reuters агентлагт баталсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08