УБТЗ-ын Төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв нь шугам замд ажилладаг төмөр замчид болон төмөр зам дагуу 7 аймгийн орон нутгийн иргэдэд эмнэлгийн орчин үеийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээнд хамруулах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг хийх ээлжит аяндаа гарлаа.
Тус арга хэмжээний нээлтийг УБТЗ-ын Төв буудал дээр 2022 оны 9 сарын 04-ний 19:00 цагаас зохион байгуулж, УБТЗ ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатар, Замын даргын зөвлөх Р.Раш, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр нарын албаны хүмүүс оролцов. Зочид "Талын гэгээ" хөдөлгөөнт оношилгооны төвийн үйл ажиллагаа болон 2022 онд шинээр тоноглосон рентген болон эхо оношилгооны вагонтой танилцаж, эмнэлгийн галт тэрэгний нийт баг, хамт олон, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ баяр хүргэж, амжилт хүслээ.
Энэ удаагийн аяллын нэг онцлог нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, ЭМДҮЗ-ийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу "Хүн амыг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах" ажлын хүрээнд шугам замынхныг "Эрүүл мэнд-Үндэсний баялаг" урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил хийгдэх юм.
“Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв нь 9-р сард хойт замд,10-р сард урд шугам замд ажиллана.
АДМИН








Нийгэм




