Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгууллаа.
Нийслэлийн удирдах ажилтнуудын анхаарлаа хандуулж буй бас нэг асуудал нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал гомдол байв. Энэ талаарх мэдээллийг НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат өгсөн. Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн наймдугаар сарын байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад хаягласан 52,263 өргөдөл гомдол иргэдээс ирсэн байна. Үүнээс 17,669 нь гомдол байна. Энэ нь өнгөрсөн хоёр жилтэй харьцуулбал хоёр дахин нэмэгдсэн дүн. Ковид-19 цар тахлын жилүүдийг үдэж, ажил амьдрал жигдэрсэн тул иргэдийн идэвх ч сэргэсэн гэж үзэж болохоор байгаа юм. Өргөдөл, гомдлын дийлэнх нь хот барилга байгууламж, эрүүл мэнд, гудамж талбайн тохижилт, инженерийн байгууламжийн үйл ажиллагаа, авто зам, боловсрол, газрын харилцаа зэрэг найман салбартай холбоотой байна. Гудамж талбайн тохижилт, үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал өмнөх жилээс 2.5 дахин өссөн бол газрын харилцаатай холбоотой гомдол гурав дахин, боловсролын салбартай холбоотой гомдол тав дахин өссөн үзүүлэлттэй байна” гэсэн юм.
Иргэдээс ирсэн гомдол саналын давтамжаас харахад ОСНААУГ, УСУГ, Хот тохижилтын газруудын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол зонхилжээ. Нийт гомдлын тоо хоёр дахин өссөн ч шийдвэрлэлт харьцангуй сайжирсныг мөн үеэр онцолж байлаа. Тиймээс цаашид өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр байгууллагууд санаачилгатай ажиллах, шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлийг тодорхой бичиж хэвших, байгууллага бүр боломжийн хүрээнд өргөдөл гомдлыг шуурхай, бүрэн барагдуулж шийдвэрлэж заншихын чухлыг санууллаа. Жил бүрийн ес, аравдугаар сард иргэд авто замын түгжрэл, тээврийн хэрэгслийг ачиж тээвэрлэж буй байдал, сайжруулсан шахмал түлшний чанар, боловсролын байгууллагын үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг олноор ирүүлдэг байна. Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбоотой орон сууцны халаалт, дулаан, халуун ус тасалдал байгааг онцлон мэдээлдэг тул мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлд анхаарлаа хандуулах нь зүйтэй хэмээн өгүүллээ.
АДМИН








Нийгэм





