Монголчуудын эргэлтэд оруулах ёстой зүйл бол хөдөлмөр гэж хэлээд ,бодолд автан санаа алдан суух эмэгтэйг Сувд гэдэг. Тэрээр Экстра орос худалдааны төвийн ерөнхий захирал. Мөн ургамал төвийг үүсгэн байгуулагч.Тэрээр Улаанбаатараас 113 км зайд орших Буянт гэх газар хань Болдбаатарын хамтаар хашаандаа цэцэг, жимс, ногоо, мод зэргийг тариалж, жилийн дөрвөн улирал зогсолтгүй хөдөлмөрлөж, хөдөлмөрийн үр шимээ хүртэж, аз жаргалтай амьдарч байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

Сайн байна уу? Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Батсуурийн Сувд гэдэг. Экстра орос худалдааны төвийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагч байна.
Экстра худалдааны төвийн дэргэдэх “Ургамал төвийг” хэзээ байгуулж байв?
-2017 оноос эхэлж ургамал төвийг байгуулсан. Урьд цэцэгчдийн клуб байгуулж, ажиллаж байсан. Тэр үед байр сав муутай,коридортой хурлаа хийдэг байлаа. Олон жилийн өмнөөс ургамал төвийг байгуулах суурь нь тавигдаж байсан. Аав ээж минь цэцэг, ногоо тарих их дуртай байсан. 1969 онд л хашаандаа цэцэрлэгтэй байдаг байлаа. Тэндээ оройныхоо хоолыг иддэг, шөнө майхандаа унтдаг байлаа. Энэ бүхэнд аав ээжийн минь ажилсаг зан чанар, ургамал төвийг байгуулах нөлөөлсөн гэж боддог. Ээж минь ялангуяа маш их цэцэг, ногоо тарьдаг байсан. Тарьсан цэцэг бүр нь маш сайхан ургадаг. Өөрийнхөө гараар тарьсан ногоог багаасаа л идэж өссөн. Монголчууд минь цэцэг, ногоогоо тарьж яагаад болдоггүй юм гэж бодож, энэ талын ажлын эхлүүлж, мэдлэг мэдээлэл түгээе гэсэн үүднээс ургамал төвийг байгуулсан. Эрүүл хүнс, ногоогоо өөрийн гараар таръя гэсэн санааг өгөх зорилготой эхлүүлсэн ажил маань өдгөө таван жил болсон байна.
Хэчнээн төрлийн цэцэг, жимс тарьж байна вэ?
Модны хувьд гэхэд 100 гаруй төрлийн мод байгаа. Гоёлын болон жимс зэрэг янз бүрийн мод тарьж байна. Туршлага, мэдээллийг ашиглаад модоо арчлах их дуртай. Жимс өгсөнгүй гэж гомдлоод байдаггүй. Таван жил дараа анхныхаа жимсийг өгч байна. Далай хальст бол гурван жилийн дотор жимсээ өгч эхэлсэн. Далайн хальст гэхэд л 50 гаруйг тариалж байна. Оросын үйлдвэрийн үрийг монгол орны нөхцөл байдал хэрхэн, яаж ургахаар байгааг туршилт хийж үзэж байгаа. Тарьж үзээгүй цэцэг ховор болжээ. Энэ жилийн тухайд 50 төрлийн цэцэг тарьсан.

Ямарваа нэгэн цэцэг, ногоо тариалахад цаг агаарын нөхцөл байдал ихээхэн нөлөөлдөг шүү дээ ?
-Монгол нөхцөл байдалд юм тарина гэдэг их хэцүү. Хамгаалалтай хөрсөнд буюу хүлэмжид л тарихгүй бол маш хэцүү байдаг. Цаг уурын нөхцөл байдалтайгаа зохицож, өрхийнхөө аж ахуйг эрхлэх ёстой гэж боддог. Гэхдээ хэцүү гэхээс сайхан зүйл их байдаг. Аливаа зүйлийн сайхныг л олж харах гэж хичээдэг. Хэчнээн хэцүү байх тусам чамаас төдий хэмжээ хичээл зүтгэл, хүч хөдөлмөр шаарддаг. Монголын тариаланчид маань их хөдөлмөрч хүн гэж хардаг.
Мод ургамал тарьж, ургуулна гэдэг амар ажил биш. Шантрах тохиолдол бишгүй олон биз?
-3 сараас цэцэг сэрж эхэлдэг. Хэдхэн сар зөв арчилж чадвал гайгүй байдаг. Тэр бүх арга техникийг судлах хэрэгтэй. Мэдээж шантрах үе зөндөө байсан. Нэг бэрхшээлийг давахад дахин нэг шинэ зүйлтэй учруулдаг. Боломжгүй зүйл гэж байхгүй. Энэ бүхнийг бэрхшээл гэж хардаггүй. Харин аз юм болов уу гэж хардаг. Учир нь надаас илүү мэдлэг, илүү хүч, туршлагыг шаарддаг. Монголын ногоочид дэлхийд өрсөлдөхүйц, чадвартай хүмүүс гаргана гэдэгт итгэлтэй байдаг.
Зөв санаа, зөв сэтгэлтэйгээр үүнийг хийж хэрэгжүүлнэ шүү дээ?
-Хайр , чин сэтгэл, зөв хандлага энэ гурван зүйл нийлэхээрээ бүх төрлийн ургамал, ногоо ямар ч тохиолдолд ургана гэж боддог. Амьтай учраас хайрлаж, сайхан үгсийг харамгүй хэлдэг.
Хүмүүст ямар бодол, сэтгэлгээг өгөхийг зорьдог вэ?
-Өнөөдрийн болохгүй, бүтэхгүй байгаа зүйлс залхуурал, бэлэнчлэх сэтгэлгээтэй холбоотой. Монголчуудын эргэлтэд оруулах ёстой зүйл хөдөлмөр гэж боддог. Ямар ч зүйл хөдөлмөр, тууштай байдлын үр дүнд бий болдог учраас зогсолтгүй хөдөлмөрлө. Эко, органик жимс, ногоогоо өөрсдөө тариалах нь нэн чухал. Тийм учраас хашаандаа бага ч гэсэн зүйлийг тариалж, туршиж үзэж хэрэглээнийхээ бүтээгдэхүүнийг урдаас биш, өөрсдөө тариалж хэрэглээсэй гэж хүсдэг.
Хийж байгаа зүйлээсээ ямар мэдрэмжийг авдаг вэ?
-Өнөөдөр ингээд сууж байгаа мэдрэмж гайхалтай. Хамгийн их өлсөж байгаа зүйл хүний нүд, сэтгэл хоёр. Энэ хоёрыг л их цатгаж байх юмсан гэж боддог.
Хүмүүст хандаж юу хэлэх вэ?
-Тэр мод гоё, муухай гэж битгий бодоосой. Муухай цэцэг гэж байхгүй. Цэцэг бүр өөр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй байдаг. Муу цэцэгчин, муу ногоочин л гэж байдаг.








АДМИН








Нийгэм





