Өнөөдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XY хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай нийт есөн асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлэх арга хэмжээ, сайжруулсан шахмал түлшний чанар, стандарт, нөөцийн талаар хэлэлцлээ. Агаарын бохирдолд нөлөөлж буй олон хүчин зүйл байгаагийн нэг бол тээврийн хэрэгслээс гарч буй утаа. Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй байх зохицуулалтыг хийх шаардлагатай байгаа талаар НИТХ-ын Төлөөлөгч Б.Сүхбаатар онцоллоо.
Тэрбээр:
Техникийн захыг тойрсон нүүрсэн яндан худалдаж авдаг цэгүүд байна. Хятадаас нүүрсэн янданг орлуулдаг яндан орж ирж байна. Ихэнхи приус автомашинууд нүүрсэн яндангүй болсон.
Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгсэл 4,5 дахин их, Хятад яндан тавиад тэр нь 3,8 дахин их хорт хий ялгаруулж байна гэдгийг шинжилгээгээр тогтоосон байна. Цар тахлын хөл хориотой байх үед тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй байсан тул сайжруулсан түлшний үр дүнг бодитоор харж байсан. Харин энэ жилийн хувьд авто замын түгжрэл энэ хэмжээнд байвал үр дүн харагдахгүй. Мөн Улаанбаатар хотод оршин сууж байгаа 1,5 сая иргэдийн эрх ашиг, эрүүл мэндийн асуудал ноцтойгоор зөрчигдөж байна. Тийм учраас нүүрсэн яндантай холбоотой, хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг нэн даруй хийх шаардлагатай байна гэлээ.
Дашрамд мэдээллэхэд Цагдаагийн байгууллагаас Нийслэл хотод өдөрт дунджаар 100 орчим приус маркийн автомашины нүүрсэн яндан худалдан борлуулдаг тооцоо судалгаа гаргажээ. Үүний 80 орчим хувийг иргэд өөрсдөө зарж борлуулдаг бол 10 орчим хувийг авто машин борлуулдаг иргэд, 5 орчим хувийг засварын газрын ажилтнууд, үлдсэн 5 орчим хувийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээр зарж борлуулдаг гэсэн судалгаа гаргасан байна.
АДМИН








Нийгэм




