Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Алтанбулаг боомтод энэ 7 хоногт 2 удаа ажиллав. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хөрөнгө оруулагч нь Азийн хөгжлийн банк.
Азийн хөгжлийн банкны 6.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр энэхүү төсөл хэрэгжиж байна.
“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” буюу Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа Алтанбулаг хилийн боомтын шинэчилсэн төлөвлөлтийн хүрээнд:
- Зорчигч тээврийн 19 барилга,
- Ачаа тээврийн 18 барилга байгууламж,
- Дэд бүтцийн 5 барилга
- Ногоон байгууламж 6000м2
- Иж бүрэн инженерийн шугам сүлжээ зэрэг нэр бүхий ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ.
Өнөөдрийн байдлаар Алтанбулаг хилийн боомтын шинэчилсэн төлөвлөлтөд тусгагдсан ажлууд бараа материалын нийлүүлэлтээс шалтгаалж удаашралтай хийгдэж байгааг гүйцэтгэгчид хэлж байлаа.
Монгол Улсын хойд хил Алтанбулаг боомтын шинэчлэлтийн ажил ийнхүү хугацаа алдсан, гүйцэтгэл чанар тааруу байгаад аймгийн Засаг дарга шүүмжлэлтэй буйгаа илэрхийллээ.
Алтанбулаг хилийн боомтын тусгаарлах зурвас бүхий авто замын ажлын явц барилгын ажилтай харьцуулахад харьцангуй сайн байна. Замын ажлыг “НКВ ИНТЕРНЕШНЛ ХОЛДИНГ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд цементийн улмаас түр зогсолт хийснээ танилцуулахад Засаг даргын зүгээс 60 тонн цементийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгснөөр ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхээр боллоо. Тус компани цементийн тасалдал үүсэхгүй бол замын ажлаа 10-р сарын 15 гэхэд дуусгана гэв.
Хүйтэн сэрүүний улирал эхлэх гэж байгаа энэ цаг үед хилийн боомтоор зорчих зорчигчид болоод тэнд ажиллагсдын орчин нөхцөл, цаашлаад боомтын үйл ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангах нь анхаарах гол асуудал гэдгийг аймгийн дарга онцоллоо.
Засаг даргын зүгээс маргааш буюу даваа гарагт Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд хийгдэж байгаа ажлын явц байдлыг танилцуулан цаашид бүтээн байгуулалтын ажлыг үр дүнтэйгээр эрчимжүүлэн үргэлжлүүлж талаар байр сууриа илэрхийлэх юм.
“Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажил”-ын ерөнхий гүйцэтгэгчээр “Монкон Констракшн” ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр “Цэлмэг очир констракшн” ХХК, “Хан Халдун” ХХК, “Хайберид” ХХК зэрэг компаниуд ажиллаж байна.





АДМИН







Нийгэм








