2022.09.11,12-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 556 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 396 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтэж бэртсэний 12 нийслэлд, 11 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Явган зорчигч мөргөх хэлбэрээр 8 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтсэн.
Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн,
Цахилгаан дугуйтай мөргөлдсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
Орон нутагт:
Онхолдох хэлбэрээр 6 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүний амь хохирсон.
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 3 хүүхэд гэмтсэн.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 188, орон нутагт 59 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
ДУУТ ДОХИО БУЮУ СИГНАЛЫГ ТА ЯМАР ТОХИОЛДОЛД АШИГЛАДАГ ВЭ?
Бидний хэлж сурснаар автомашины сигнал буюу дуут дохио нь зөв хэрэглэвэл хүний амь насыг аврах үүрэгтэй. Харин буруу газар, буруу зорилгоор хэрэглэвэл бусдын дургүйг хүргэх, хүний эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг өөр олон олон хор уршиг дагуулж байна.
Хүүхэд унтаж байхад гадаа хэн нэгэн дуут дохиогоо хангинуулаад байна уу? Ногоон гэрэл дөнгөж асмагц бас хэн нэгэн араас тань машиныхаа дуут дохиог дуугаргаж байна уу?
Дуунаас хурдан машин гэж байхгүй учраас дуут дохиог бүтээжээ. Дуу чимээ богино хугацаанд дамжих учир нөхцөл байдлыг бусдад анхааруулахад хамгийн тохиромжтой хэрэгсэл гэж үзэн дуут дохиог автомашинд суурилуулжээ. Гэтэл үүнийг аюул, ослоос урьдчилан сэргийлэх биш харин өөрийн бухимдлаа илэрхийлэх, бусадтай “харилцах” хэрэгсэл болгож ашиглах нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Жолооч нар гэрэл асчхаад байхад явсангүй хэмээн дуут дохио дуугаргах, урдуур нь орлоо гээд жолооны хүрднийхээ голд хамаг чадлаараа дарах нь бий. Үүгээрээ тэд ослоос сэргийлэх гэсэнгүй, харин “БИ ЯВМААР БАЙНА” гэсэн үгийг илэрхийлж байгаа хэрэг юм.
Стресс бухимдлаар дүүрэн хотын замд дуут дохиог шаралхуу жолооч нар иймэрхүү байдлаар хэрэглэдэг бол зөвхөн гангарах гэж, гайхуулах гэж орилуулдаг нь ч байна. Авто зам руу харсан цонхтой орон сууцны айлууд ч дуут дохионы зовлонг хангалттай мэдэрч байгаа. Чанга дуу чимээнд нялх хүүхэд, настай хүмүүс илүү өртөж байна. Хичээлдээ төвлөрөөд сууж байгаа бяцхан сурагчдад ч төвөг учруулах нь бий. Сигнал дарснаас болоод нярай хүүхдийн хэнгэрэг цоорч, дүлийрсэн тохиолдол, тархи нь цус харвасан ноцтой гашуун сургамжууд бий. Зүрх судас, тархи, мэдрэлийн өвчлөлд ийнхүү тээврийн хэрэгслүүдийн өндөр давтамж бүхий “сигнал”-ын дуу маш их үүрэг гүйцэтгэж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд дуут дохиог хэрхэн хэрэглэх талаар тодорхой тусгасан. Монгол Улсын Замын дүрэмд дуут дохиог зөвхөн дараах тохиолдолд хэрэглэж болно гэжээ. Үүнд:
а/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор;
б/ суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлж байгаагаа бусад жолоочид анхааруулах зорилгоор;
в /төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд хэрэглэнэ.
Иймд дуут дохиог зөв зохистой ашиглахыг та бүхэнд зөвлөж байна.
ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭДЭЭ
АДМИН







Нийгэм








