Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, түүнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын хүрээнд орон сууцны хороолол дунд байршилтай нийтийн эзэмшлийн талбайг моджуулах зорилт нийслэлийн дүүргүүдэд хэрэгжиж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр БГД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай нийтийн эзэмшлийн талбайд найман төрлийн 90 орчим мод тарьж, ногоон байгууламжийг тоог нэмэгдүүлэх зорилт ажил хэрэг болж, усалгаа, арчилгааг цаашид тус хорооны иргэд болон СӨХ-д хариуцуулан эзэнжүүллээ.
Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл амьдрах таатай орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд хийгдэж буй тус санаачилгад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, мод үржүүлгийн мэргэжлийн байгууллага, иргэдийн төлөөлөл, БГД-ийн 8-р хорооны ажилтан, албан хаагчид оролцлоо.
БГД-ийн 8-р хороо нь нийт 3 мянга 360 орчим өрхтэй. Улсын болон хувийн хэвшлийн нийт долоон цэцэрлэг, дөрвөн дунд сургуультай. Тус хорооны дөрвөн СӨХ болон иргэд, аж ахуй нэгж байгууллага хамтран дээрх зорилтын хүрээнд орон сууцны хороолол дунд ногоон цэцэрлэгтэй байгуулах үйлсэд гар бие оролцлоо. Цаашид тус дүүргийн 25 хороонд энэхүү жишигт ногоон байгууламжийг байгуулахаар газар зүй, орчны судалгаа хийгджээ.
Ташрамд дурдахад, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд
- Цогц удирдлага, зохицуулалтын нэгдсэн бодлогоор хангах эрх зүйн орчныг бий болгох,
- Судалгаа, шинжилгээ хүний нөөц,
- Модлог ургамлын үр, мөчрийн нөөц бүрдүүлэх, үрийн аж ахуйг хөгжүүлэх, мод үржүүлгийн газрыг төрөлжүүлэн, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, тарьц, суулгацаар хангах,
- Ойн хомсдол, доройтлыг бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх,Цөлжилт, газрын доройтол, шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах, элсний нүүлтийг сааруулах,
- Агро ой аж ахуйг бий болгох, жимс жимсгэнийн аж ахуйг хөгжүүлэх, тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах замаар хөрсний элэгдлээс хамгаалж, хүнсний хангамжийг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, 6. Гол мөрний урсац бүрэлдэх эх, татам, булаг шанд орчмыг ойжуулах замаар цэвдгийг хамгаалах, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, бохирдол, хомсдолыг бууруулах,
- Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх гэсэн 7 зорилтын хүрээнд боловсруулсан.
НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЬЕ
АДМИН








Нийгэм








