Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг БЗД-ийн 11-р хороо, Туул зөрлөг орчимд амьдарч байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзаж, шийдэгдэлгүй өнөөг хүрсэн газрын маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхээр албаны болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгууллаа.
Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийн нэг БЗД-ийн 11-р хороонд өнөөдөр ч тог цахилгаангүй амьдарч байгаа цөөн тооны иргэд байна. Эдгээр иргэдийн хувьд тус дүүргийн 11-р хороо, Туул зөрлөг орчим буюу хилийн цэсийн зөрүүтэй, тодорхойгүй бүсэд амьдарч байгаа айл өрхүүд юм. Нийт 600 орчим айл өрхийн судалгаа, нарийн мэдээллийг БЗД, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар, БОАЖЯ-ны харьяа Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нягталж, газрын асуудал болон түүнийг дагасан орц, гарц, хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэж ажиллахаар боллоо.
Тус бүс хэсэгт нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлөх эрх олгосон 108 иргэн, БЗД-ийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх олгосон 218 иргэн, хуулийн этгээд байгаа юм. УИХ-ын 2012 оны 05 дугаар 18-ны 38 дугаар тогтоолоор Богд уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс дэх БЗД-ийн 11-р хорооны Төмөр замын “Туул зөрлөг” -ийн 33,5 га талбайг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлсөн байдаг байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн БЗД-ийн Засаг даргын орлогч н.Жаргалсайхан, тус дүүргийн 17-р хорооны удирдлагын төлөөлөл өнөөдөр Баянзүрх дүүргийн 7, 11, 17, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллаж байна.
АДМИН








Нийгэм




