Dark Light
Нийгэм | 2022-10-22

Сурагч Г.Дамдиннямд МУУ тавилаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Г.Дамдинням 3 өгүүлбэр, 34 үг бичихдээ 4 алдаа гаргаж, Монгол хэл мэдэхгүйгээр Монгол төр түшилцэж буйгаа илчилж орхилоо. Хэрвээ Г.Дамдинням  бага ангийн Монгол хэлний хичээлд суувал хамгийн муу дүн авч, эцэг эхийнхээ нүүрийг улалзуулж, чихийг халууцуулах нь тодорхой байна. Гагцхүү муу сурагч Г.Дамдинням 9 настай сахилгагүй хүүхэд биш сахал самбаатай, 40 гаруй настай аав хүн, скаутын гишүүн биш УИХ-ын гишүүн. Эх хэлээрээ хэдэн үг зөв бичиж чаддаггүй хүнийг сонгосон сонгогчдынх нь нүүр улайх уу? гэдэг л байна.

Валютын гэж зөв бичихийн оронд вальютын гэж зөөлний тэмдэг нэмж тавьсан. Эхлэхээр бус эхэлхээр, ярина аа биш ярьнаа гэж буруу бичсэн гишүүн эх хэлээрээ зөв бичиж сураагүйдээ уучлал гуйсангүй. Г.Дамдинням зөөлний тэмдгээр нааддаг хүн юм. Байх учиргүй үед яс бичих мөртөө байх газар нь тас мартдаг.  

“Гадна явах хүмүүст төвөгтэй болсон байгаа”. Монгол хэлээ сүйтгэж байгаа модон үг, мохоо хэллэгийн жишээ. Гадаад явах гэхээс гадна явна гэдэггүй. Тэгвэл гадна гэдэг үгийн эсрэг утга нь дотно болчихно. Г.Дамдинням нарынхаар бол гадна яваагүй нь Монголдоо дотно нь явна аа, гадна яваа хүмүүс дотно яваа хүмүүстээ гэх мэтээр ярьж бичих хэрэг үү? Төвөгтэй болсон гээд дуусгачих байтал төвөгтэй болсон байгаа, тэгсэн байгаа, ингэсэн байгаа гэх зэргээр ярих нь эх Монгол хэлээ гутааж байгаа муу жишээ, муухай хэллэг.  

Английн парламентын гишүүн англиар, Японы улс төрч япон ханзаар зөв бичиж чадаагүй бол эх хэлэндээ халдсандаа уучлал гуйж, бүр огцорч, эрдэмтэн сэхээтэн, сонгогчид нь гайхшаа баран бухимдах хэмжээний бүдүүлэг явдал юм. Их хурлын гишүүдээсээ эхлээд эх хэлээрээ зөв бичиж, ярьж сурахгүй бол үндэсний оюуны дархлаа, соёлын тусгаар тогтнол ганхсаар байх болно. Г.Дамдинням гишүүн ээ, анкетыг чинь харахаар англи, орос хэлтэй гэсэн байна. Юуны түрүүнд Монгол хэлний дамжаанд сууна уу даа.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10