ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийн чухам сайн зориг гаргасан шүүмжлэл хошин шогийнхныг хошин шог байдалд орууллаа. П.Сайнзориг хошин шогчдыг алиалагч гэж хэлснийг ажил, мэргэжлээр ялгаварлалаа хэмээн огцруулахыг шаардсан. Алиалагч гэж нэрлэсэн нь харин ч хошин урлагийн зэрэг дэв, зиндаа түвшин илтэд дээгүүр ажил мэргэжил учир тэдний бухимдал жагсаал бүү хэл цуглаан ч болж чадсангүй, олон түмний дунд шог гараа, марзан онигоо болж дууслаа. Содном, Данзан, Цэеэ, Латиф, Энхээ, Батсүх зэрэг жинхэнэ алиалагчдын аливаа болохгүй бүтэхгүй алдаа дутагдал, юмс үзэгдлийг илчлэн шоолдог, уудлан шүүмжилж, инээд хөөр бэлэглэх замаар нийгмээ эрүүлжүүлж эмчилдэг билэг авьяастнуудын мэргэжлийн нэр юм. Үүнээс үзвэл, Онон, Баярмагнай нарыг доош хийсэн бус дээш өргөсөн ч гэж үзэхэд ч болохоор байна. Төрийн нарийн бичиг постдоо алиалагч гэж бичсэнээс бус алиа салбадай гэж хэлээгүй. Сурвалжлагчийг сэтгүүлч, цагдааг мөрдөгч, эмчийг доктор, УИХ-ын гишүүнийг бодлого боловсруулагч гэж хэлснийг ажил мэргэжлээр нь ялгаварласан болох уу?
Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар хүн доромжилсноо урлаг гээд ойлгочихсон, хүн доромжилсных нь төлөө элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо болимоор юм” гэх постоос бүх зүйл эхэлсэн. Манай хошин шогчид өтөл настай эмээ, хөдөөгийн эгэл малчин, монгол эмэгтэй, өвөрлөгч ахан дүүстээ бол эр бар, эрхтэн дархтан, эвэртэн туурайтанд эм хонь шиг байж ирсэн. Жинхэнэ хошин шогчид эрх мэдэлтэнд халтай, энгийн иргэддээ ээлтэй байдаг.
Тэд хорчин, үзэмчин, барга, цахар гэх мэт адилхан Монгол үндэстнээ хэл аялгаар нь ялгаварлаж, хөлөө тайруулж, хүнд өвчтэй байхдаа битгий доромжлооч гэж босож зогсоод гуйсан Арго багшийн үнэн сэтгэлийн үгийг үл тоож байсан билээ. Манай хошин шогчдын мушгиснаар Өвөрмонголд эмэгтэйчүүдийн эмнэлгийг салтаа байцаах газар гэдэггүй эмэгтэйчүүдийн салаа гэдэг. Бялууг насан баярын боов гэдэггүй зөөхийтэй боов, мөсөн мөлжүүр гэх үг байхгүй, мөсмөлж гэж ярьдаг юм байна лээ шүү.
АДМИН








Нийгэм







