Гэртээ залж урьж авчирсан зочин, түншээ заамдаж зодоод, сэгсэрч дээрэмдээд явуулсан айлд эрүүл ухаантай хүн, хөрөнгө мөнгөө бариад дахиж ирэх үү? Эрүүл мэнд, нэр төрд нь халдаж, элдэв хэрэг тохож, эд хөрөнгийг нь дээрэмдчихдэг газарт хэдэн ч удаа урилга явуулаад алдарсан итгэл, сэвтсэн сэтгэл нь эдгэн сэргэх үү? Монгол Улс яг ийм айл болсныг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын танилцуулсан тоо баримт, хөрөнгө оруулагчдыг залилж дээрэмдсэн 57 хэргийн хар жагсаалт баталж байна. Доллартой ирсэн хүний долларыг нь дээрэмдээд байхаар ахиж хулхидуулах шиг олох биш алдаж тонуулах доллартойгоо буцаад ирдэг тэнэг хүн олдохгүй болсны учир хөрөнгө оруулалт татарч, доллар хомсдохын нэг шалтгаан болсон байна. Тэр тусмаа хуулийн байгууллагын удирдлага, тагнуул, цагдаа, прокурорын дарга нар, шүүх, өөрөөр хэлбэл, хамгаалалтын алба нь өөрөө хэрэг тохдог, өөрсдөө мөнгийг нь дээрэмддэг компанид Та хөрөнгө оруулах уу?
Тагнуулын даргынх нь үеэл дүү Их Британийн Ерөнхий сайд асан, дэлхийд танигдсан улс төрч Борис Жонсонгийн төрсөн дүүгээс 19 сая доллар залилсан улсын нэр төр ариун цагаан байх боломжгүй. Макс Жонсонг залилан мэхэлсэн ТЕГ-ын дарга асан Х-гийн үеэл Б гэгчийг шүүх хилийн хоригийг нь цуцалж, ул мөргүй нисэн одсоных нь дараа “Монголоос гарч болохгүй” гэдэг жүжиг тавьсан байна. Хаалга тайлж өгч гаргачхаад бараа ч үгүй сураг ч үгүй болсон хойно нь түлхүүр цоож хангинуулан, дангинатал түгжиж байгаа дүр эсгэсэн шүүгч Х өнөөдөр үнэн худлыг дэнслээд явж байгааг тоглоом гэх үү, шоглоом гэх үү?
Монголд 60 сая долларын хөрөнгө оруулж, орон сууц барьж байсан, “Суруга Монгол” корпорацын захирал, 70 нас давсан Японы иргэний орных нь гудсан доор хар тамхи шургуулж, хэрэг тохсон. Япон өвгөн Монголын “есөн эрүү"-нд сөхөрч, нэр дээр нь байсан том том газрыг га га-гаар нь дүү нь Английн Ерөнхий сайдын дүүг мэхэлдэг тагнуулын дарга асан, ЦЕГ-ын дарга асан генерал Г, Ерөнхий прокурор Э, ҮАБЗ-ийн НБД Г нарын төрсөн ах дүү, хань хамсаатан хувааж авч найрлан зооглоцгоосон байна. Япон бизнесмен дампуурч, нутагтаа очоод төд удалгүй бие барсан байна. Хөрөнгө оруулагчийн хөнжил дор хар тамхи хавчуулсан иргэн Г энэ хэрэг явдлын дараа гэнэт цулайн баяжиж, таргалж хөлжсөн юм байна. Гэнэт баяжих гэдсэнд нь халтай гэдэг үг Монголд амьдрал дээр үнэн байж чаддаг уу?
Хөрөнгө оруулагчдын эсрэг их үргээлэг явуулсан жагсаалтын эхний хэсэг 57 хэргээс бүрдсэн, Шиндлерийн бүртгэл шиг урт учраас энэ удаа зөвхөн 2-ыг бид жишээ болгон хөндлөө.
АДМИН








Нийгэм







