Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас санаачлан “Хойд Америкийн Бизнесийн зөвлөл”-ийг байгуулах ажлын хүрээнд Вашингтон ДС дэх салбарыг байгуулахтай холбогдуулан бизнес эрхлэгч монголчуудын уулзалтыг Элчин сайдын яаманд 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Энэхүү уулзалтанд Вашингтон ДС хот орчимд үйл ажиллагаагаа явуулж буй 20 орчим бизнес эрхлэгч иргэд оролцлоо. Уулзалтын үеэр бизнес зөвлөлийн зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэл, бүтэц, зохион байгуулалтын талаар “Бизнес зөвлөл байгуулах ажлын хэсэг”-ээс танилцуулсан бөгөөд оролцогчид энэхүү санаачилгын талаар нээлттэй санал бодлоо илэрхийлж, монголчуудын бизнес зөвлөл байгуулахыг санал нэгтэйгээр дэмжлээ.
Хурлын үр дүнд Вашингтон ДС хот орчмын бизнес эрхлэгчдийг Бизнес зөвлөлд төлөөлж ажиллах Удирдах зөвлөлийн 7 гишүүнийг нээлттэй сонгуулийн журмаар сонгож баталсан бөгөөд зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд оролцогчид цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэв.
Бизнес зөвлөл нь гишүүд болон бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа, зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, бизнесийн хэлхээ холбоогоо тэлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг эрх ашиг, сонирхлыг төлөөлөх, жижиг дунд стартап бизнесүүдийг хөхиүлэн дэмжих зорилготой юм.
Цаашид АНУ-ын Сан-Франциско, Лос-Анжелес, Сиэтл, Денвер хотуудад монголчуудын Бизнес зөвлөлийг ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Иймд АНУ-д бизнес эрхлэгч монголчууд Та бүгдийг энэхүү үйл ажиллагаанд нэгдэхийг уриалж байна.
АДМИН








Нийгэм







