Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж 2022 оны хоёрдугаар ээлжээр Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах Зэвсэгт хүчний 032 дугаар ангид татагдан алба хааж буй 10 сар, 11 сард төрсөн 28 дайчдын төрсөн өдрийг дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү өдөрлөгийг нээж тус ангийн захирагч хурандаа М.Болдбаатар хэлсэн үгэндээ “Төрийн торгон цэргийн ангид хугацаат цэргийн алба хаах хугацаандаа төрсөн өдрөө мөр зэрэгцсэн дайчидтайгаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь та бүхний амьдралын хуудсанд мартагдахааргүй дурсамж дүүрэн мөч болон үлдэх учиртай” гэдгийг онцоллоо.
Энэ үеэр төрсөн өдрөө тэмдэглэж буй шинэ дайчдад Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэргэдэх цахилгаан хөгжмийн “Цагаан сүлд” хамтлаг, МУСТА ахлах ахлагч С.Дашзэвэг, ахлах ахлагч Б.Эрдэнэбаатар, Б.Мөнхбаясгалан нар ая дууны мэндчилгээ өргөн дэвшүүллээ.
Мөн төрсөн өдөр нь тохиож буй хугацаат цэргийн алба хаагчдадаа Хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит хүндэтгэлийн танхимд авхуулсан гэрэл зургийг дурсгал болгон хадгалуулсан юм.
Өдөрлөгийн төгсгөлд ангийн эмэгтэйчүүд “Задгай цагаан” бүжгийг нийт шинэ дайчдад заажээ.
“Азтай иргэн салхин дор нь залбирч төрдөг
Ай есөн хөхлөгт бэх цагаан тугийн анирт
Амар амгалангийн мөнх хөх тэнгэрт орших
Азтай дайчид та бүхэн минь билээ” хэмээснээр энэхүү өдөрлөг өндөрлөлөө.

Ахмад Т.ДЭЛГЭРМАА
АДМИН








Нийгэм






