Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2022.11.05) Төрийн ордонд боллоо.
“Өсвөрийн парламент” хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү хөтөлбөр нь Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, өсвөр үеийнхнийг нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хууль-Үнэт зүйл” сэдвээр анхны хичээлийг заалаа.
Улс орны ирээдүй болсон хүүхэд, залуусын төлөөлөлтэй уулзаж, ардчилал, хүний эрхийн боловсролыг хүүхэд ахуй цагаас нь олгох, бүтээлч сэтгэхүйтэй, хүчирхэг монгол хүнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой парламентын боловсрол хөтөлбөрийн анхны хичээлийг заах болсондоо баяртай буйгаа илэрхийллээ.
“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрт нийт 91 сурагч хамрагдана. Нийслэл хотын 9 дүүрэг, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдаас төлөөлөл болгон 77 сурагчийг сонгон шалгаруулж, хүүхдийн оролцооны байгууллагуудаас 14 сурагчийг урилгаар оролцуулж байна.
Энэ удаагийн хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болно. Мөн үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлуудыг хийх дадлага, ур чадвар суралцах юм.
“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд дэмжиж хамтран ажиллаж байна.
Нийгэм | 2022-11-05
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






