Dark Light
Нийгэм | 2022-11-06

Аавдаа алгадуулах муухай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сөүлийн Итаевонд гарсан эмгэнэлт хэрэг явдлыг солонгосчууд өөрсдөө муу ёр, албин чөтгөрүүд, босоо ороолонгуудын ид шидээс бус зохион байгуулалт сул, урьдчилан сэргийлэх ажил хийж чадаагүйтэй холбон авч үзэж байна. Тэнд хэн нэг ардын дайсныг олж гахай зүүлгэн буруутгахаас илүү юунаас болов, яагаад гэдэг учир шалтгааныг нь хайдаг. Хаа, хоригло гэдэггүй, хааж хориглох ч үгүй, харин алдаанаасаа суралцаж, ирэх жил эмх цэгтэй тэмдэглэдгээрээ тэмдэглэнэ. Харин манайхны дийлэнх нь муу ёр, шуламс зэтгэр, мангас чөтгөрийн баярыг хаа, хоригло, төр хяна шалга гэцгээдэг. Хамгийн гол ялгаа нь хөгжсөн оронд асуудлын шалтгааныг хайдаг бол хөгжөөгүй оронд ардын дайсныг олж гэсгээхийг урьтал болгодог. Бүхнийг хаах хориглохыг төрөөс шаардчихаад дараа нь дарангуйлагч, муухай төр гэдэг нь чухам эмгэнэл тэр болдог. Төр дэлхийд хэвшил болсон янз бүрийн урлагийн урсгал, бүжиг, дуу, хувцас загвар, ном, киног хориглосоор ирсэн боловч хүүхдүүд, хүмүүс тэгэх тусам нь хорхойсон танилцсаар ирсэн. Үүн дээр төр нэг ялалт авч байгаагүй, далимд нь төр нэртэй эвэртэн туурайтнуудын дархан эрх нэмэгдэж байдаг.  

Чихэр гуйсан 9 настай охиныг согтуу гарч ирээд өвдөглөж, багийг нь хуулж хаясан 56 настай хижээл эрийн архины хөөрөл, юм л бол гар хөлөөр шийддэг үйлдэлд хүргэдэг шалтгаанаас илүү мангас чөтгөр буруутан болж байна. Хөөрхий настай хүн айсандаа өшиглөсөн байх ч гэж байх шиг. 56 нас бол өтөл буурай нас ч биш, хижээл нас, Америкийн Ерөнхийлөгч Жо Байденгийн хүүхэд байхаар нас. 56 насандаа хөдөө бүү хэл хотод, орцонд шулам явж байдаг, хаалга тогшиж чихэр гуйдаг гэдэгт итгэдэг хүн байгаа бол тэр Монголын мухар сүсгийн байгаа царай юм. Аавдаа алгадуулах сайхан, алган боовны амт гэх зэрэг садомазохист маягийн, зодуулж өвдөж байж таашаал авдаг сэтгэлгээний гажуудал, хоцрогдол хүний өөрийн хүүхдийг өшиглөх, зодох бурангуй явдлыг өнөө цагт ч тээсээр байна. Эрт цагт аав нар архи уудаггүй, уулаа ч шимийн архиа шимдэг, хүүхдээ битгий хэл малынхаа ч толгой түрүүнд гар хүрдэггүй байсан бол өнөө цагийнхан эр эмгүй согтуу хөлчүү, бөөн стресс, орилоон хашхираантай, тэр бүү хэл төрсөн үрээ тогоотой ус руу шидчихдэг зэрлэг балмад болсон. 

Чихэр горьдож айл хэсдэг нас минь

Чимээгүйхэн надаас холдон одлоо 

Хүүхдэд хөл битгий хэл гар хүрсэн, хэл амаар доромжилсонд хэн буруутай биш юу буруутайг бодож тунгаацгаая. Аавдаа алгадуулах юу нь сайхан байх вэ? Алгаддаг аав биш өшиглөдөг аав олон болоод байхад бүр л муухай. Сүнсний баярын үеэр гарсан ямар нэг явдлын цаана чөтгөрүүдийн буруу биш хүний сэтгэлгээ, харилцаа, нийгмийн шалтгаан байгаа. Наадмаар хэрэг гарахаар л бөх, морь, шинэ жилээр элдэв юм болохоор шинэ он буруутай биш. Бидний хандлага, сэтгэлгээнд л асуудлын уг шалтгаан байгаа билээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10