УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд тэтгэврийг долоо биш таван жилийн дунджаар тогтоолгох хуулийг батлуулахаар өнөөдөр /2022.11.08/ Сүхбаатарын талбайд жагслаа.
Жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Энэхүү жагсаал Монголын түүхэнд анх удаа ард иргэдийн төлөө хууль батлуулахаар жагсаж байгаагаараа онцлогтой” гэв. Мөн тэрээр “УИХ-аас өнгөрөгч хоёрдугаар сард ээлжит бус чуулганыг хуралдуулж, тэтгэврийг нэмсэн боловч өнөөдөр инфляцид идэгдээд өмнө авч байсан 350 мянган төгрөгтэй тэнцүү болчихлоо. Тиймээс цаашид ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх тал дээр УИХ, Засгийн газар тодорхой шийдвэр гаргах ёстой” гэдгийг онцолсон юм.
Хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Улс орныхоо төлөө ямар ч хуримтлалгүй, хувийн өмчгүй нийгмийн үед зүтгэж байсан ахмадууд маань өнөөдөр тэтгэвэр нь хүрэлцэхгүй ядуурлын ирмэгт тулж байгааг хэлсэн бол УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Энэ хуулийн төсөл батлагдвал 2018 оноос хойш долоон жилээр тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг нөхөн олгох тухай хуулийн төслийг өргөн барьсан тухайгаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ж. Батсуурь Эдийн засаг хүндэрч, инфляц энэ онд 15 хувьд хүрсэн. 400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүний 60 мянган төгрөг нь байхгүй болж байна гэсэн үг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2016 оныхоос үндсэндээ хоёр дахин өссөн. 100 мянган төгрөгөөр хоёр тор хүнс авдаг байсан бол өнөөдөр нэг тор дүүрэхгүй хэмжээний хүнс авч байна. Ард түмний 40 хувийн саналаар монгол төрийг 100 хувь барьж байгаа эрх баригчид ийм нөхцөлд ахмадын тэтгэврийг нэмэх байтал, одоо авч байгаа тэтгэврийг инфляцид идүүлж, ямар ч чанаргүй болгож байна” гэв.
2017 онд тэтгэврийн насыг нэмж, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг 7 жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гap дээр ирэх тэтгэврийн дүн багасахад хүргэсэн гэдгийг иргэд хэлж байлаа.
АДМИН







Нийгэм



